Шатрын тэмцнээнд Ази тивийн хошой мөнгөн медальт Б.Амин-Эрдэнэ түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-17 03:08:47

Баяр наадмын спортын тэмцээний эрэгтэй 400 м-ийн гүйлтэнд тэргүүн байрт Э.Тэмүгэ, удаах байрт Б.Эрдэнэбилэг, гутгаар байрт спортын мастер П.Нармандах, эмэгтэй 200 м-ийн зайнд тэргүүн байрыг Э.Мөнхтуяа, удаах байрыг Б.Жаргал-Эрдэнэ, гутгаар байрт М.Мөнгөнсолонго нар тус тус шалгарлаа.

Наадмын шатрын тэмцээнд спортын мастер нэг, дэд мастер гурав оролцов. Шатрын тэмцээнд эмэгтэй тэргүүн байрт дэлхийн шатрын холбооны дэд мастер, Ази тивийн хошой мөнгөн медальт Б.Амин-Эрдэнэ шалгарч, Б.Энхжаргал, Ж.Мөнхзул нар удаах байруудад шалгарлаа. Эрэгтэй тэргүүн байрт аймгийн Харилцаа холбооны шатарчин, спортын дэд мастер Д.Чойжамц түрүүлж, Сүхбаатар сумын 5-р багийн шатарчин, шатар сонирхогчдын аймгийн хошой аварга С.Сундуй орж, Сүхбаатар сумын 8-р багийн шатарчин, шатрын спортын дэд мастер, ахмад настан Ц.Цэрэнлхам нар удааллаа. Ардын хувьсгалын 95 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадмын Үндэсний шагайн харвааны тэмцээнд Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Сант, Орхон, Мандал, Алтанбулаг, Баянгол, Зүүнбүрэн, Хөтөл сумдын 12 багийн 100 гаруй харваачид цэц мэргээ сорилоо. Тэмцээнд Монгол Улсын үлэмж дархан мэргэн 5, дархан мэргэн 3, гарамгай мэргэн хоёр, хошой мэргэн 8, мэргэн 5 оролцлоо.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг  

Холбоотой мэдээ