Орон нутгийн шүүгчийн сургалт Дархан-Уул аймагт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо/МХБХ/-ны бүртгэлтэй шүүгчдийн тоог нэмэгдүүлэхийн тулд 2022 оноос Монгол Улсын 21 аймгийн хөл бөмбөг сонирхогч залууст шүүгчийн сургалт явуулж, “Үндэсний цом” болон бусад орон нутгийн тэмцээнд шүүгчээр ажиллуулах зорилтыг тус холбоо дэвшүүлээд байгаа юм.
Энэхүү ажлын эхлэл болж
Дархан-Уул аймагт 12 дугаар сарын 19-22-нд найман аймгийн төлөөллийг хамруулсан
анхан шатны шүүгчийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тодруулбал,
Говьсүмбэр, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Хөвсгөл, Булган, Төв, Дархан-Уул
аймгуудаас нийт 18 оролцогч сургалтад хамрагджээ.
Тус сургалтыг МХБХ-ны
Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр болон МХБХ-ны шүүгчийн сургагч багш болох
Э.Галбадрах, Ч.Жавхлантөгс нар зохион байгуулсан байна. Мөн МХБХ-ны Гишүүн байгууллагуудын
менежментийн хэлтсийн дарга О.Аззаяа томилогдон ажиллав.
Орон нутагт шүүгчийн сургалт явуулснаар орон нутагт болж буй тэмцээнүүдэд Улаанбаатар хотоос шүүгчид томилогдон ажилладаг үе өнгөрч, орон нутгийн шүүгчид улс, бүсийн чанартай томоохон тэмцээнийг шүүн явуулах боломж нээгдэнэ. Улмаар шүүгчдийн тоо нэмэгдэж, өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй.
Ташрамд дуулгахад,
Дархан-Уул аймагт анхан шатны шүүгчийн сургалтыг зохион байгуулахад тусалсан
А.Нарантуяа захиралтай Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн хамт олонд МХБХ-ноос талархал
илэрхийллээ.