Зүүн Азийн залуучуудын наадмын хөтөлбөрт орсон холбоодын төлөөлөлтэй уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын нийслэлд 2023 онд болох Зүүн Азийн залуучуудын наадмын хөтөлбөрт багтсан 12 спорт холбоодын төлөөлөл өнөөдөр /2021.12.24/ Зохион байгуулах хороо /ЗБХ/-той уулзалт хийв.
МҮОХ-ны байранд танхим
болон цахим хэлбэрээр болсон тус уулзалтад МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг
гүйцэтгэгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр, наадмын ЗБХ-ны нарийн бичгийн дарга И.Баатархүү, ЗБХ-ны гишүүн Ц.Бат-Энх нар
оролцов.
Спорт холбоодоос
таеквондо, чөлөөт бөх, жүдо бөх, волейболын төлөөлөл цахимаар, хөнгөн атлетик,
бадминтон, усанд сэлэлт, бокс, хөлбөмбөг, электрон спорт, ширээний теннисний
холбооны төлөөлөл танхимаар хуралд оролцлоо.
Наадмын үеэр явагдах
тэмцээн уралдааны зохион байгуулалтын гол ажлыг спорт холбоод нугална. Тиймээс
спорт холбоодыг бэлтгэлээ эртнээс базааж, ажил гардан хариуцах хүмүүсээ томилж,
техник, төхөөрөмжөө нягталж, шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлаа нэгдсэн
байдлаар танилцуулахыг ЗБХ-ноос сануулав.
Залуучуудын наадамд 18
хүртэлх насны тамирчид оролцох учир ирэх оноос залуу тамирчдад чиглэсэн тэмцээн
уралдаан олныг зохиож, тэндээс баг тамирчдаа сонгон шалгаруулахаар төлөвлөж
байгааг БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр хэллээ. Мөн ЗБХ болон
спорт холбоодын төлөөлөл ойрын үед дахин хуралдаж, асуудлаа нарийвчлан
хэлэлцэхээр тохиров.
Зүүн Азийн залуучуудын
наадам спортын 12 төрлөөр зохиогдож, тус бүс нутгийн есөн орны 1500 гаруй
тамирчин өрсөлдөх юм.