Өмнөд Суданд цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөө АНУ-д байхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-18 11:28:32

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ дайны хөлд нэрвэгдээд байгаа Өмнөд Судан дахь өөрийн улсын Элчин сайдын яам болон иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор тус улс руу цэрэг илгээжээ. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Засгийн газар ням гарагт мэдэгдэл хийсэн байна.

“Бид Өмнөд Суданы Засгийн газрын болон цэргийн удирдлагууд руу чиглэсэн цэргийн ажиллагаа явуулахгүй бөгөөд цэргийн ямар ч тусгай техникийг тус улсад нэвтрүүлэхгүй гэдгийг Өмнөд Суданы Засгийн газар болон иргэдэд батлан хэлэх байна” гэж АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Марк Тонер мэдэгдэлдээ дурдав.

“АНУ ямарваа нэгэн цэргийн үйл ажиллагаа явуулах гэж байна гэсэн аливаа мэдээлэл нь худал, үндэслэлгүй бөгөөд энэ нь Өмнөд Суданд энхийг тогтооход чиглэсэн бидний ашиг сонирхолд нийцэхгүй юм. АНУ-ын хувьд Өмнөд Суданд цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөө байхгүй гэдгийг тус улсын Засгийн газар, ард иргэдэд мэдэгдэхийг хүсч байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэлээ.

Мөн тэрбээр цааш нь хэлэхдээ “АНУ өнгөрсөн мягмар гарагт Өмнөд Суданы нийслэл Жуба хот руу 200 орчим цэрэг илгээсэн нь Элчин сайдын яамаа хамгаалж, тус улсад байх онцын шаардлагагүй болсон ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэхэд туслах зорилготой юм. Аюулгүй байдлын асуудал намжсан тохиолдолд бүх цэргүүдийг буцаан татах болно” гэсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ