Нүүрсний үнийн өсөлт ба ногоон эрчим хүчний ирээдүй

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-12-30 21:02:02

Нүүрсний хэрэглээ дахиад сэргэж эхэллээ. Дэлхийн дулаарлын эсрэг тэмцэхийн тулд хийн хаягдлаа бууруулна гэж бүх улс орон амласан боловч хүлэмжийн хий ялгаруулдаг гол эх үүсвэр, хамгийн бохир түлш хэмээн ад үзэгддэг нүүрсний эрэлт хэрэгцээ эрчим хүчний салбарт эрс нэмэгдэж байна. Гэхдээ бүх зүйл таагүй тал руугаа эргэлээ гэж дүгнэж болохгүй. Нүүрсний хэрэглээ өссөн нь ногоон эрчим хүчинд ч сайнаар нөлөөлж магадгүй юм.


Улиран одож буй 2021 онд нүүрсний хэрэглээ дээд үзүүлэлтэнд хүрч, ойрын 3 жилдээ буурахгүй гэсэн таамаглалыг Олон улсын эрчим хүчний агентлаг /IEA/ дэвшүүллээ. Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэнд шаардагдаж буй цахилгаан эрчим хүчний асар их эрэлтийг хий, салхи ба нарны эрчим хүчний салбар хангаж дийлэхгүй байна. Хэдийгээр байгаль хамгаалагчид эсэргүүцсээр байгаа боловч дэлхий даяараа дахиад л нүүрс түлж эхэллээ.

Нүүрснээс хамааралтай эрчим хүчний салбарт 2019, 2020 онуудад уналт болсноор 2018 онд оргил үе нь тохиогоод өнгөрсөн мэт санагдаж байлаа. Гэвч 2021 онд нөхцөл байдал өөрчлөгдөв. Цахилгаан эрчим хүчний эрэлттэй зэрэгцээд байгалийн хийн үнэ огцом өссөн нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын үйлдвэрлэл 2021 онд 9 хувиар өсөх гол шалтгаан болсон гэж IEA дүгнэжээ.    


Үүний сацуу Европт сүүлийн саруудад салхи багатай, сэрүүхэн байгаа, байгалийн хийн хомсдол үүссэн, Францын АЦС-уудад хийж буй засварын ажил сунжирсан гэх мэт шалтгаанаар байдал улам хүндрэв. Дипломат сөргөлдөөний улмаас Австралиас нүүрс худалдан авахаа больсон хятадууд түр хаагаад байсан уурхайнуудаа бүрэн хүчин чадлаар нь дахин ажиллуулж эхлэв. Үнэ өсөж, тээвэрлэлтэнд саатал гарснаар нийлүүлэлтийн тасалдлыг богино хугацаанд нөхөх боломжгүй боллоо. 


Энэ бол ковидын үеийн түр зуурын саатал бус харин шинэ хандлага болж байна. Нүүрснээс богино хугацаанд татгалзах боломжгүй гэдгийг IEA анхааруулж байгаа бөгөөд ирэх онд дэлхий даяар 2021 онтой харьцуулахад 1,5 хувиар илүү нүүрс шатаах төлөвтэй байна.


“Нөхцөл байдлыг ажиглан таамаглал дэвшүүлвээс, дэлхий даяарх нүүрсний хэрэглээ 2022 онд урьд хожид үзэгдээгүй өндөр түвшинд хүрэх ба 2024 оны эцэс хүртэл хэвээр хадгалагдана” гэж IEA-гийн жил тутмын нүүрсний тайланд дурджээ. Энэ бол олборлолт, экспортоо эрс нэмэгдүүлж буй Орос улсын хувьд сайн мэдээ. IEA-гийн таамаглалаар бол, тус улсын нүүрсний олборлолт 2024 он гэхэд 2,8 хувиар өсөх ба Оросын эрх баригчдын стратеги төлөвлөгөөнд тусгаснаар, экспортын хэмжээ ирэх 15 жилийн хугацаанд 2 дахин нэмэгдэх ажээ. 


Гэхдээ дэлхийн нүүрсний хэрэглээ өсөж байгаа нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухайд муу мэдээ юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш нүүрс түлэхээс татгалзах талаар тодорхой үүрэг амлалт авахыг улс орнуудад уриалсаар байгаа боловч бүтэл муутай байна.  Энэ асуудлаар Глазгогийн уулзалтын үеэр тохиролцоонд хүрэх боловч гэсэн итгэл найдвар ковидын бодит байдалтай тулгаран сарниж одлоо.


Нүүрс өөрийнхөө ирээдүйг шатааж байна


Гэсэн хэдий ч сэтгэлээр уналгүй өөдрөг байх шалтгаан бий. Хачирхалтай санагдаж магадгүй хэдий ч нүүрсний хэрэглээ өсөж, байгалийн хийн үнэ дээд түвшинд хүрсэн нь эрчим хүчний салбарын ногоон хувьсгалыг хурдасгах шалтгаан болж байна. Учрыг тайлбарлая.


Нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг ажиллуулахын тулд Европын эрчим хүчний компаниуд хүлэмжийн хийн хаягдлын квот гэдэг зүйлийг худалдан авах ёстой. Хэр их хаягдал ялгаруулна, тэр хэрээр квот үнэтэй байх болно. Европын Холбоо ийм арга хэрэглэж, аж үйлдвэр, эрчим хүчний салбаруудыг экологид ээлтэй ногоон технологид шилжүүлэх зорилго тавьжээ.


Квотын үнэ дэндүү хурдан өсөж байна. Хамгийн сүүлд болсон ЕХ-ны гишүүн 27 улсын дээд хэмжээний уулзалтын үеэр Польш, Чех, Испани зэрэг улсууд квотын дамчдыг хязгаарлан барихыг шаарджээ. Тодруулбал, нэг тонн нүүрсхүчлийн хийнд ногдуулах квотын үнэ оны эхэнд 31 евро байсан бол 11 дүгээр сар гарснаас хойш шууд 50 хувиар өслөө. Ийм үед нүүрсээр ажилладаг цахилгаан станц барих нь “дэндүү тансаг таашаал” юм.  Гэсэн хэдий ч нүүрс түлэх нь хий шатаахаас ямар ч байсан илүү ашигтай хэвээр.   


Эл тохиолдолд Европ тивийн нүүрсний хэрэглээ нэмэгдсээр байх ба нэг тонн СО2-ийн хаягдлын өртөг ч дагаад нэмэгдэнэ. Эрэлтийн өсөлттэй уялдаад нийлүүлэлт ч буурна, цаг хугацаа өнгөрөх тусам квотын хэмжээ алгуур багасна. Учир нь, 2050 он гэхэд хаягдлын хэмжээг 0 болгох зорилтыг ЕХ тавьсан юм.


Энэ бол цэвэр агаарын төлөөх тэмцэлд түр ялагдаж буй талынхныг тайвшруулахаар сайн мэдээ мөн. 


Нүүрсхүчлийн хийн хаягдлын квотын үнэ улам өссөөр өндөр өртөгтэй “ногоон” технологиуд гэнэт ашигтай болохоор тийм түвшинд дөхөж ирлээ. Боловсруулалтын шатанд байгаа ийм технологи олон бий, харин үйлдвэрлэлийн шатанд хөгжүүлж буй нь хоёрхон. Эхнийх нь – эрчим хүч ба тээврийн салбарт зориулан устөрөгч үйлдвэрлэх, нөгөөх нь – үйлдвэрлэлээс ялгарч буй нүүрстөрөгчийг шүүж аваад /газар дор г.м/ хадгалах.

Одоогийн байдлаар, шинэ технологиудыг ашиглан гаргаж авах бүтээгдэхүүний өртөг нь 75-120 евро/тн-ын хооронд хэлбэлзэж байна. Ийм технологид  хөрөнгө оруулах гэсэн компаниудын сонирхлыг татахын тулд хаягдлын квотын үнэ одоогийн түвшинд хоёр жилийн туршид хадгалагдах ёстой гэж шинжээчид дүгнэжээ.


Нүүрсний эрэлт өсөж байгаа нь үүнд эергээр нөлөөлнө. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар, нэг тонн нүүрсний үнэ 3 оронтой тоо руу дөхөж, улмаар 200 еврод хүрч магадгүй ажээ. Гэхдээ үнэ ханшид зах зээлийн хүчин зүйлүүдээс гадна улс төрийн шалтгаан ч нөлөөлж мэдэхээр байна. Тухайлбал, ЕХ-ны саммитын үеэр Польш, Чех, Испани гурвын гаргасан мэдэгдлийг дурдая. Тус холбооны хувьд, квот худалдан авах компаниудын тоог улам олон болгох, үйлдвэрлэл, агаарын тээвэр, далайн тээвэр болон бусад салбарт олгодог хөнгөлөлтийг танах зорилготой байгаа. Тэгэхээр онолын хувьд үнэ цаашид өсөх тал руугаа явна гэсэн үг.


Гэвч ЕХ-ны засгийн газар гэгдэх Европын Комисс 27 улсын эрх баригчдыг одоохондоо ятган үнэмшүүлж чадаагүй л байна. Гэрэл цахилгаан, ахуйн хэрэглээний хийн үнийн өсөлтөнд иргэд сэтгэл дундуур байгаа нь улстөрчдийг  болгоомжлоход хүргэж байгаа юм. Хэрвээ хаягдлын квот өндөр үнэтэй хэвээр байх аваас ковидын өмнөх үетэй харьцуулахад эрчим хүчний салбарт технологийн үсрэлт гарах хугацаа наашлах болно.  


Нүүрснээс татгалзсаны төлөөсийг хэн, хэзээ, хэрхэн хариуцах вэ?


Гэвч энэ бүх дурдсан хүчин зүйлүүд хүлэмжийн хийн хаягдал, дэлхийн дулаарлын асуудлыг зөвхөн хэсэгчилсэн байдлаар л шийднэ, учир нь, Европ, АНУ хоёрын аль нь ч нүүрсний гол хэрэглэгчид биш юм. Хамгийн том хэрэглэгчид бол дэлхийн нүүрсний хэрэглээний 2/3 нь оногддог Хятад, Энэтхэг хоёр мөн. IEA-гийн хийсэн тооцооллоор, дэлхий даяар олборлож буй нүүрсний тал хувийг хэрэглэдэг Хятадад ойрын 3 жилийн хугацаанд эрэлт жилд 1 хувиар, Энэтхэгт 2024 он хүртэл жилд 4 хувиар өсөх төлөвтэй байна.  Өөрөөр хэлбэл, нийлээд бараг 3 тэрбум хүн амтай энэ хоёр улс нүүрсэнд суурилсан эрчим хүчний салбарын ирээдүйг тодорхойлох нь. Хорт хийн хаягдлыг бууруулахаар төлөвлөсөн зорилтдоо хүрэхийн тулд Хятад, Энэтхэг хоёр хэр хурдан, хэр үр дүнтэй ажиллах вэ гэдгээс нүүрсний салбарын хувь заяа хамаарна гэдгийг тус байгууллагын дүгнэлтэнд дурджээ.

Тус хоёр улс “хийн хаягдлыг бууруулна, ирээдүйд нүүрснээс бүрмөсөн татгалзана гэж амлаж байгаа. Гэхдээ амлалтандаа хүрэх тодорхой хугацааг заагаагүйгээс гадна ямар ч аргаар, ямар үнэ цэнээр хамаагүй амлалтаа биелүүлнэ гэж төлөвлөөгүй нь илт.


Хөгжиж буй орнуудын үзэж байгаагаар, ногоон хувьсгалын өртгийг өндөр хөгжилтэй улсууд төлөх ёстой, учир нь, чухамдаа тэдний хуримтлуулсан хаягдал нь өнөөгийн уур амьсгалын дулаарлын уг шалтгаан болж байгаа бөгөөд аж үйлдвэрийн хувьсгалын үед ямар нэгэн хязгаарлалтгүй байгаагүй учраас тэдгээр улс баяжиж хөлжсөн билээ.


IEA-гийн тооцоолж байгаагаар, ирэх онд гэхэд Европ ба АНУ-д нүүрс моодноос гарах төлөвтэй. Ингэснээр бохир эрчим хүчний дахин сэргэлт нь олон нийт, хууль тогтоомж ба зохицуулагч байгууллагуудын шахалтанд автаж, тэр даруй бөхөх болно.


Гэсэн хэдий ч ковидын дараах нүүрсний үнийн огцом сэргэлт нь эрчим хүчний ногоон технологиудын өртгийг эрс бууруулж чадах технологийн үсрэлтийн суурийг урьдчилаад бэлтгэн өгч магадгүй. Энэ тохиолдолд хямд, цэвэр технологиуд богино хугацаанд дэлхийн бусад орнуудад хэрэглээнд нэвтэрснээр нүүрс түлэхээс үүрд чөлөөлөгдөх болно.  


Б.Адъяахүү 

Эх сурвалж: ВВС  

 

Холбоотой мэдээ