Евро стандартын тээврийн хэрэгсэлтэй жолооч ОХУ, Европ, Дундад азид ачаа тээвэрлэх боломж бүрдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-14 22:39:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шадар сайд С.Амарсайханы ахалж буй Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын баг цахимаар хуралдав. 


Хуралдаанаар ажлын багийн гишүүд Зам-Үүд боомтоор нэвтэрч буй чингэлэгтэй экспорт, импортын ачаа тээврийн үйл ажиллагааны явцын талаарх мэдээллийг Шадар сайдад  танилцууллаа. 


Хил дундын “0” цэгээс чингэлэгтэй ачааг татан авч, Замын-Үүд дэх “Бүс нутгийн ложистикийн төв”-д буулгасан ачаа барааны ихэнхийг нь төмөр замаар Улаанбаатар хот руу татан авч байгаа бол, цөөн тохиолдолд ААН-үүд өөрсдийн  автомашинаар ачаагаа татсан байна.  


Өнөөдрийн байдлаар, Эрээн хотод Хятадын тал 900 орчим чингэлэгт ачаа ачиж, хилээр зөөвөрлөхөд бэлтгээд байгаа бөгөөд өдөрт 50-иас доошгүй тоогоор чингэлэг  татахад 18 хоногт багтаан дуусгах боломжтой гэдгийг албаныхан дуулгалаа. 



Шадар сайд ажлын багийнханд хандан, хилээр орж байгаа ачаатай чингэлгийн тоог нэмэх, төмөр замын өргөн царигаар ачаа бараа татан авах ажлыг эхлүүлэх, хилээр нэвтрэн орж ирсэн бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийж, гүний тээвэрт гаргах ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. 


Ажлын багийн өчигдрийн хуралдаанаар Шадар сайдаас Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвд өгсөн үүрэг болох  Монгол Улсын хойд болон баруун бүс нутгийн хилийн боомтоор дамжуулан Оросын Холбооны Улс, Европ, Дундад Азийн улсууд руу манай улсын жолооч нар өөрсдийн тээврийн хэрэгслээр ачаа бараа тээвэрлэх боломж, нөхцөлийг судалж танилцуулах үүргийг судалж, холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцож, шийдэлд хүрсэн тухай Зам тээврийн сайд Л.Халтар мэдээллээ. 



Тэрбээр “ОХУ болон Европ, дундад Азийн улс орнууд руу ачаа бараа тээвэрлэлтийг Олон улсын тээвэр зуучлалын компаниуд хариуцдаг. Эдгээр компанийг нэгтгэсэн Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо “НАРТАМ” ТББ-тай холбогдож, тодорхой шийдэлд хүрсэн. Тулгамдаж буй гол асуудал гэвэл, Олон улсын тээвэр хийх тээврийн хэрэгсэл нь евро стандартад нийцсэн байх шаардлагатай байдаг. Энэ шаардлагыг хангаж байгаа тээврийн хэрэгсэл манайд цөөн. Урд хил дээр нүүрс болон ачаа бараа зөөж тээвэрлэдэг автомашинуудын тухайд овор хэмжээ томтой, задгай ачааг хилийн хойд Алтанбулаг боомтоор ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү хот хүртэл явж болох хэдий цааш нутгийн гүн рүү явах боломжгүй. Харин евро стандартын шаардлага хангасан автомашинтай жолооч нар Европ тив хүртэл алсын тээвэрт явах боломжтой. Шадар сайдын үүрэг болгосны дагуу бид “НАРТАМ” ТББ-тай хамтарч энэ боломжийг бүрдүүллээ. Маргаашаас Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо болох НАРТАМ цахим хуудсаараа дамжуулан Олон улсын тээвэр хийх боломжтой иргэд, жолооч нарыг бүртгэх зарлалаа нийтэд мэдээлнэ. Жолооч нар эндээс мэдээлэл авч бүртгүүлээд, шаардлага хангасан тохиолдолд  олон улсын тээвэр хийж, ашиг орлого олох боломж нээгдэж байгаа юм.  Мөн Европын улс орнуудад ТИЙР буюу том оврын тээврийн хэрэгсэл барих ангилалтай жолооч нарын ажлын байр эрэлттэй байдаг тул энэ чиглэлд жолооч нарыг ажиллуулах боломжийг бид хэрэгжүүлэхээр судалж байна”  гэв. 


Ажлын багийн хуралдаанаар үргэлжлүүлэн эм, эмийн бүтээгдэхүүнтэй холбоотой ачаа барааг Зам-Үүд боомтоор эн тэргүүнд татан авах ажлыг зохион байгуулах, хилийн бусад боомтын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Холбоотой мэдээ