БОАЖ-ын сайдад нэр дэвшигчийг УИХ-д танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-01-18 16:01:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд танилцуулав.


БОАЖ-ын сайд Н.Уртнасан агаар орчны бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж буй зарим бодлогоор тодорхой үр дүн гаргаагүй, Ерөнхий сайдаас өгсөн хугацаатай үүргийг хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэсэн шалтгаанаар үүрэгт ажлаас нь огцруулахаар болсныг Ерөнхий сайд дурдлаа.


Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан юм.


Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томилохоор танилцууллаа.


Б.Бат-Эрдэнэ нь 1977 онд төрсөн. 1996 онд нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 1999, 2010 Улаанбаатар их сургуулийг төгссөн. Түүх судлаач, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, түүхийн ухааны магистр цолтой аж. 2003-2017 онд “Силк Роад”, “Эйр Тиккет” компанийн Ерөнхий захирал, 2011-2012 онд Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн газарт зөвлөх, 2012-2015 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2015 онд Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ. Мөн 2015-2016 онд МХЕГ-ын дэд дарга, 2016-2017 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх, 2017-2018, 2019-2020 онд Эрдэнэт хотын Хөгжил, бодлого, судалгааны хүрээлэнгийн тэргүүн, 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллажээ. 2020 оноос ШӨХТГ-ын даргаар ажиллаж байна.


Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир агаарын бохирдлыг бууруулахад ямар ажил хийх талаар тодрууллаа.


Нийслэлд агаарын бохирдол 2019-2020 онд 50 хувь буурсан. Харин 2021-2022 онд Тавантолгой түлш компанид техникийн шинэчлэл хийгээгүй. Ялангуяа бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ анхаарч, чанар, стандартын асуудал орхигдсон. Тиймээс цаашид чанар, стандарт, технологийн шийдэлд анхаарч ажиллах ёстой хэмээн нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ онцлов.


УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, “Зөвхөн утаа биш хөрс, ундны усны эх үүсвэрийн бохирдол их байгаа. Туул гол дагуу буусан амралтын газруудыг холдуулахгүйгээр Улаанбаатар хотын ундны усны асуудлыг шийдэхгүй. Ус, ойн сан бүхий газруудыг хөрш орны шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага бий. Мөн дархан цаазат газар нутаг, тусгай хамгаалалттай газар нутгаа анхааралдаа аваарай. Тусгай хамгаалалттай газар нутгаа өргөтгөх ёстой, багасгаж болохгүй” хэмээн захилаа.


Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдаас гадна Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болно гэж заасан. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн “давхар дээл”-тэй байх нь ямар ашигтай вэ” хэмээн тодрууллаа.


УИХ-ын гишүүн бус сайд парламентын түвшинд асуудлаа авч гарах, түүнийгээ олон нийтэд таниулахад хүчгүйддэг асуудал бий гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Шинээр баталсан эрх зүйн орчны эхэн үед энэ бол  түр зуурын асуудал гэдгийг тэрбээр онцоллоо.


Тэрбээр, “Миний хувьд бол Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд ажиллана. Дэлхий нийтэд тархсан цар тахлын үед хил боомт хаагдсан, дэлхий нийтэд инфляци өссөн, улс орнуудын гадаад харилцаа хямарсан. Энэ нь одоо ажиллаж байгаа сайд нарыг илүү хүчгүй харагдуулж байгааг үгүйсгэх аргагүй. Цаашдаа Монгол Улс сонгодог парламентын түвшинд хүрч, парламентын гишүүн сайд байх асуудлыг 4-өөр хязгаарладаг асуудлыг шийдвэрлэх ёстой” гэв.


Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй улс төрийн 20 гаруй намын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандсан зөвлөмж гаргасныг УИХ-ын гишүүн Т.Доржханд хэллээ. Улс төрийн намуудын удирдлагууд хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоог нэвтрүүлэх, иргэдээ төлөөлдөг гишүүдийн тоог 150 болгох, гишүүдийн тоог өсгөсөн тохиолдолд парламентын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллах, Ерөнхийлөгчийг парламентаас, шаардлагатай бол өргөтгөсөн буюу нийслэл, бүх аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчөөс сонгодог байна гэдэгт санал нэгдсэн гэв.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “1992 онд УИХ-ын нэг гишүүн 28 мянга орчим иргэнийг төлөөлдөг байсан. Одоо бол 44-45 мянган иргэнийг төлөөлж байна. Тийм учраас холимог тогтолцоо руу явах нь зөв гэж харж байгаа. Герман, Япон гээд тогтвортой бүх улс холимог тогтолцоотой. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмэх, холимог тогтолцоо, Ерөнхийлөгчийн парламентаас сонгодог болох зэрэг 3-4 зүйл орхигдсон. Тиймээс энийг дахиж ярих нь зүй ёсны асуудал гэсэн бодолтой байгаа” гэлээ.


Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. БОАЖ-ын сайдыг томилох захирамжид Ерөнхий сайд өнөөдөр гарын үсэг зурах бөгөөд үүний дараа тэрбээр УИХ-д тангараг өргөх юм. Чуулганаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Холбоотой мэдээ