Н.Төгсцогт "Цөлийн шуурга"-тай тулалдана

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2022-01-19 14:46:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимпын наадам, дэлхийн АШТ-ний мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж байсан, мэргэжлийн рингэд 14 тулаан хийн 12 ялж(9КО), хоёр ялагдсан амжилттай яваа "King Tug" Нямбаярын Төгсцогт 2022 оны  нэгдүгээр сарын 22-нд рингэд дахин гарч, ээлжит тулаанаа хийнэ.


Н.Төгсцогтын өрсөлдөгчөөр энэ удаа АНУ-ын боксчин, Виктор "Vicious" Пасильяс /17 тулаан хийж, 16 ялж /9 КО/, нэг ялагдсан/ тодроод байсан ч Пасильяс ковидоор халдварласан тул рингэд гарах боломжгүй болжээ.

 

Харин уг тулааныг зохион байгуулагчид "King Tug" Төгсцогтын шинэ өрсөлдөгчөөр "Цөлийн шуурга" /Desert Storm/ хочит Намиби улсын боксчин Сакариа Лукасыг тодруулаад байгаа талаар спортын сэтгүүлч  Ц.Энхтүвшин /Таван цагариг/ АНУ-аас мэдээллээ.

 

Сакариа Лукас нь 2011 оноос хойш мэргэжлийн боксын рингэд 26 тулаан хийснээс 25 удаа ялалт (17 КО) байгуулж, нэг удаа оноогоор ялагдсан, WBO болон IBF холбооны 57,2 кг-ийн жингийн Африкийн аварга цол, бүс  WBA холбооны Пан Америкийн аварга цол, бүсийг эзэмшиж байсан ажээ.

 

Н.Төгсцогт-Сакариа Лукас нарын тулаан АНУ-ын Нью Жерси мужийн Атлантик сити хотноо, "Borgata Hotel& Casino, spa" цогцолборт болох бөгөөд энэ үдшийн Co-main event юм.

 

Энэ үдшийн гол тулаан нь WBC-ийн 57.2 кг-ын дэлхийн аварга Гэри Рассель (31 ялалт, 1 ялагдал) болон Филиппиний Марк Магсайо ( 23-0) нарын хооронд болно. Г.Рассель манай Төгсцогттой 2020 оны хоёрдугаар сард тулалдан аваргын бүсээ хамгаалснаас хойш ганц ч тулаан хийгээгүй байгаа билээ.


 

Мөн энэ үдэш домогт аварга Эвандер Холифилдын хүү Эван Холифилд (8-0) Крис Роллинстой рингэд гарна.

 

Тулааныг Америкийн SHOWTIME тв суваг шууд дамжуулан үзүүлэх бөгөөд Америкийн цагаар 6 p.m PT/ 9 p.m ET -аас эхэлнэ. Мөн энэ тулааны үдшийн тасалбарыг ticketmaster.com -аас худалдан авах боломжтой аж.

Холбоотой мэдээ