Коронавирусний халдвар авсан 165 хүүхэд эмчлүүлж байна

ОРОН НУТАГТ | Завхан
myagmarsuren@montsame.mn
2022-01-20 23:00:12

Завхан\МОНЦАМЭ\. Тус аймагт сүүлийн 24 цагт 253 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа гэж аймгийн Эрсдэлийн харилцаа холбооны бүлгээс мэдээлэв.

Сүүлийн 24 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 157 PCR шинжилгээнээс 69, түргэвчилсэн оношлуурын 246 шинжилгээнээс 184, нийт 253 иргэн халдвар авсан нь батлагдлаа. Харин коронавирусний халдвар авч эмчлүүлж байсан 17 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.

Шинээр бүртгэгдсэн 253 тохиолдлоос Улиастай суманд 157, Нөмрөг суманд 14, Эрдэнэхайрхан, Баянтэс, Тосонцэнгэл суманд 12, Алдархаан суманд 8 гэхчлэн Баянхайрхан, Идэр, Завханмандал, Тэс, Тэлмэн, Шилүүстэй, Яруу, Их-Уул, Дөрвөлжин суманд 1-7 иргэн халдвар авчээ. Харин Асгат, Сонгино, Цэцэн-Уул суманд халдвар бүртгэгдээгүй ногоон бүс байна.

Дархлаажуулалтын дөрөвдүгээр тунд 1000 гаруй хүн хамрагджээ

Завхан аймгийн хэмжээнд коронавирусний халдвар авсан 279 иргэн эмнэлэгт, гэрээр 883 хүнийг эмчилж байна.

Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал хөнгөн 1038, хүндэвтэр 119, хүнд дөрөв, маш хүнд нэг хүн байна. Сүүлийн 24 цагт 0-17 насны 52 хүүхэд халдвар авсан нь батлагдаж нийт 165 хүүхэд эмчлүүлж байна.

Харин сүүлийн 24 цагт дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамрагдсан иргэн байхгүй. Хоёрдугаар тунд нэг, гуравдугаар тунд 44, дөрөвдүгээр тунд 98 иргэн хамрагдсан байна. Аймгийн хэмжээнд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын нэгдүгээр тунгийн хамралт 89 хувь буюу 48639 иргэн хамрагдсан байна. Хоёрдугаар тунгийн хамралт 86.3 хувь буюу 47130 иргэн, гуравдугаар тунгийн хамралт 56.7 хувь буюу 22004 иргэн тус тус хамрагджээ.

Харин дархлаажуулалтын дөрөвдүгээр тунгийн хамралт 2.6 хувь буюу 1007 иргэн хамрагдсан байна гэж аймгийн Онцгой комиссын дэргэдэх Эрсдэлийн харилцаа холбооны бүлгээс мэдээллээ. 

Холбоотой мэдээ