Төмөр замын боомтоор улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг баталгаажуулах санал тавив

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2022-01-27 07:17:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах хоёр орны Гадаад харилцааны яамны Газрын дарга нарын түвшний 8 дахь удаагийн уулзалт энэ сарын 25-нд цахимаар болов.


Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд, Хятадын талаас тус улсын Гадаад хэргийн яамны Хил, далайн хэргийн газрын зөвлөх Жан Лин нар төлөөлөгчдийг тэргүүлэв. Уулзалтаар Монгол, Хятадын хилийн боомтын халдвар хамгаалал, дээрх хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад үнэлэлт өгч, боомтуудын үйл ажиллагааны талаар санал солилцов.


Монголын талын төлөөлөгчдийн тэргүүн Хятадын талаас 2021 оны 11 дүгээр сард ирүүлсэн хариуцан зохион байгуулах үйл ажиллагааны жагсаалтын хэрэгжилтийг тус бүрээр нь танилцуулав.


Мөн Монголын тал Монгол, Хятадын Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын боомтоор улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тогтоох асуудлыг хоёр улсын Гадаад харилцааны яам ноот бичиг солилцон баталгаажуулах саналаа танилцуулав. Хятадын тал ноот бичиг солилцохыг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв.


Монголын талаас зарим боомтоор газрын тос, эмийн бүтээгдэхүүн, хэрэгсэл зэрэг онцгой ачаа барааг хилээр нэвтрүүлэх, ачааны нэр төрлийг нэмэх хүсэлт тавив. Хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн халдвар хамгааллын дэглэмийг хоёр талдаа сайтар сахин хамгаалсны дараа боомтуудын үйл ажиллагааг хэвийн горимд оруулах, цагийн хуваарийг уртасгах боломжтойг мэдэгдлээ.

Холбоотой мэдээ