"Бээжин-2022" олимпыг сурвалжлах сэтгүүлчдэд мандат гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-31 17:00:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Бээжин-2022" өвлийн олимпын XXIV наадам 4 хоногийн дараа /2022.02.04/ эхлэх бөгөөд Монгол Улсаас спортын сэтгүүлч Г.Баярсайхан, О.Наранбаатар, гэрэл зурагчин С.Энхжаргал, Д.Нямбилэг нар энэ удаагийн олимпыг сурвалжлахаар болжээ.

 

Тэдэнд Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос олимпын наадам сурвалжлах эрхийн мандат, хувцас гардуулан өгөх ёслол өнөөдөр боллоо.

 

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Цагаанбаатар: "Монголын үндэсний олимпын хороо болон Монголын спортын сэтгүүлчдийн холбоо хамтраад дөрвөн сэтгүүлчийг Бээжингийн олимп сурвалжлуулахаар томилон явуулж байгаа юм. Тэд салбартаа олон жил ажилласан сэтгүүлчид билээ. Манай улсаас өвлийн олимпыг анх удаа 4 сэтгүүлч сурвалжлахаар явж байна. Мөн олимп сурвалжлах сэтгүүлчдээ анх удаа ёслолын болон спортын хувцсаар ижилсүүлжээ. Манай сэтгүүлчдийг дэмжсэн "Хүрэм" ХХК болон "Эвсэг" кашмер компанийн хамт олонд баярлалаа" хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

 

Өвлийн олимпын наадмыг сурвалжлах багт багтсан гэрэл зурагчин С.Энхжаргалын хувьд энэ үйл явдал онцгой тохиол болж байгаа аж. Түүний аав Б.Сугаржав одоогоос 50 жилийн өмнө буюу “Саппоро-1972” өвлийн олимпын наадамд гэрэл зургийн сурвалжлагч, спортын кино оператораар ажиллаж байжээ. Тэрбээр аавынхаа гаргасан зам мөрөөр 50 жилийн дараа алхах болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ