Материалаа орон нутагтаа үйлдвэрлэснээр барилгын үнэ буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-07-22 10:40:56

Завхан аймаг  барилгын материалаа орон нутагтаа үйлдвэрлэж эхэлснээр шинэ орон сууцны үнэ буурч, хувийн орон сууц барих хандлага ихэссэн байна.   

  Өнгөрсөн 2015 онд Завхан аймаг барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих  дэд хөтөлбөрөө баталжээ.  Учир нь тус аймаг нь барилгын материалын үйлдвэрлэл байхгүйгээс, барилгын салбарт шаардагдах материалыг 100 хувь Улаанбаатар хотоос тээвэрлэж байгаа нь барилгын материалын орон нутгийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэхэд хүндрэлтэй, өртөг өндөртэй байжээ. Тиймээс орон нутагтаа барилгын үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ барилгын материалын үйлдвэрийн салбарт төрөөс хөрөнгө оруулалт хийж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх дэс дараатай арга хэмжээ авчээ. Дээрхи  хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлснээр орон нутгийн зах зээлийг хамгаалж, 2016 онд цемент, ханын материал тоосго, хөнгөн бетон, явган замын хавтан, модон материал зэргийг орон нутагтаа бүрэн үйлдвэрлэх болно хэмээн хөтөлбөр боловсруулагчид үзэж байсан. Тэгэвэл хагас жилийн байдлаар орон нутагтаа 457.8 сая төгрөгний барилгын ханын материал, тоосго, хөнгөн бетон, явган замын хавтан зэргийг үйлдвэрлэжээ. Мөн улсын төвийн хөрөнгөөр шинээр баригдаж буй барилга байгууламжийн төсөв, зардал хэмнэгдэж заавал холоос өндөр өртөгтэй бүтээгдэхүүн тээвэрлэх шаардлагагүй болсныг албаныхан дуулгалаа.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ