Иргэд хатуу хог хаягдлын менежментийн талаарх мэдлэгээ дээшлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-02-17 14:17:57

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банк, Японы ядуурал бууруулах сангийн дэмжлэгээр Говь-Алтай аймагт хэрэгжиж буй Хатуу хог хаягдлын менежмент төслийн хүрээнд “Орон нутгийн иргэдийн чадавхыг бэхжүүлэх” сургалт Алтай хотноо болж байна. 

Сургалтаар иргэдэд хатуу хог хаягдлын менежментийн талаар мэдлэг чадвар олгох, тогтвортой, хүртээмжтэй шийдэл арга барилыг эзэмшүүлэх, хогийг ангилж, дахин боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нэмэгдүүлэх талаарх мэдээллийг хүргэх юм. Энэхүү сургалтад Алтай хотод үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгж болон Есөнбулаг сумын багуудаас иргэдийн төлөөлөл болох нийт 100 гаруй хүн хамрагдаж байгаа тухай холбогдох албанаас мэдээлэв.

“Хот суурин газрын хатуу хог хаягдлын менежмент” төслийн хүрээнд орон нутагт хог хаягдлыг дахин боловсруулах дэд бүтцийг бий болгох, хог хаягдлыг дахин ашиглах, боловсруулах талаарх олон нийтийн мэдээлэл, ойлголтыг нэмэгдүүлж, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болон олон нийтийн байгууллагуудад хог хаягдлыг багасгах, дахин боловсруулан ашиглах чиглэлээр шинэлэг арга барил, санаачилгыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж буй аж. 

2019 оноос төслийн зөвлөх багийнхан Говь-Алтай аймгийн холбогдох албаны удирдлагуудтай уулзаж төслийн танилцуулга, цаашид авч хэрэгжүүлэх ажил, хамтын ажиллагааны талаар санал солилцон Алтай хотын хог хаягдлын бүтцийн судалгааг хийх чиглэлээр ЗДТГ, БОАЖГ, Мэргэжлийн хяналтын газар, Алтай хотын Тохижилт үйлчилгээний газрын удирдлага, алба хаагчдад шат дараатай сургалт уулзалтыг хийж байна.

Төслийн хүрээнд Алтай хотод төвлөрсөн хогийн цэгийг шинээр байгуулах, хуучин хогийн цэгийг дарж устгах, олон нийтийн оролцоотой нөхөн сэргээлт хийх, иргэдийг хогийг ялгаж, ангилах дадал хэвшилд сургах сургалт зохион байгуулах, сав, шил, цаасыг ялгаж, ангилах хог хадгалах зориулалтын өнгийн сав болон ангилан ялгалт хийсэн савтай хогийг цуглуулах, тээвэрлэх зориулалтын хогийн машиныг нийлүүлэх, хогийг шахаж пресслэх байгууламж барьж, дахин боловсруулах тоног төхөөрөмж суурилуулах ажлыг хэрэгжүүлж байгаа тухай тус аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

“Хот суурин газрын хатуу хог хаягдлын менежмент” төсөл нь Говь-Алтай аймгаас гадна Дархан-Уул, Өвөрхангай, Сүхбаатар аймагт хэрэгжиж байгаа юм.


Холбоотой мэдээ