Гурван хувийн хүүтэй зээлийг 930 гаруй иргэнд олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус
аймаг ажлын байрыг дэмжих гурван
хувийн хүүтэй зээлд нийт 42 тэрбум төгрөгийг олгосон байна.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын байрыг дэмжих зээлтэй холбоотой гэрээг Монгол банк, арилжааны банкнуудтай байгуулахаар шийдвэрлэсний дагуу аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал өнгөрсөн онд банкны удирдлагуудтай уулзалт хийсэн. Уулзалтын үеэр нэн тэргүүнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээлийг олгох талаар ярилцсан. Ингээд дээрх гэрээний дагуу болон “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд жилийн гурван хувийн хүүтэй зээлийг арилжааны банкнуудаар дамжуулан олгоод буй.
Аймгийн хэмжээнд 2021 оны 11-р
сарын 15-ны байдлаар ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлд хамрагдахаар
бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс хүсэлт ирж, нийт 42 тэрбум
төгрөгийн зээл олгосон байна. Тухайлбал, Хас банкаар дамжуулж 165 зээлдэгчид 7 тэрбум 211 сая төгрөг, Төрийн банкаар
дамжуулан 418 зээлдэгчид 15 тэрбум 716
сая төгрөг, ХААН банкаар дамжуулан 353 зээлдэгчид 18 тэрбум 330 сая
төгрөгийг тус тус олгосон байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.