П.Дамдин: Багш хүн оролдлого, хичээл зүтгэлийнхээ үр дүнд амжилтад хүрдэг

ОРОН НУТАГТ | Увс
batkhuu@montsame.mn
2022-02-25 15:21:37

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн Физикийн багш П.Дамдинтай ярилцлаа. Тэрбээр Улаангом сумын Улсын тэргүүний лаборатори 1 дүгээр цогцолбор сургуулиас улс даяар цахимаар зохион байгуулсан “Их Сорил-2022” физикийн олимпиадын багш нарын төрөлд түрүүлсэн байна.


-Юуны өмнө “Их Сорил-2022” олимпиадад амжилттай оролцсонд баяр хүргэе?

-Улаангом сумын Улсын тэргүүний лаборатори 1 дүгээр цогцолбор сургуулийн нэрэмжит “Их сорил” физикийн олимпиадыг өмнө нь сурагчдын дунд цахимаар явуулдаг байсан. Энэ жилээс хүрээгээ тэлж, анх удаа багш нарын дунд цахимаар улс даяар зохион байгууллаа. Миний хувьд тус олимпиадад таван бодлогын дөрвийг нь гүйцэд, нэгийг нь дутуу бодож нийт 21.5 оноогоор тэргүүн байр эзэлсэн.

-Багш мэргэжлийн ажлын гараагаа хэрхэн эхэлсэн бэ?

-Би Тэс сумын 10 жилийн сургуулийг төгсөөд, Ховдын багшийн дээд сургуульд физикийн багш мэргэжлээр элсэн суралцсан. Тэр үед ойрхон, зардал багатай гээд хүүхдүүд хот руу хуваарь авсан ч Ховд аймаг руу явах нь элбэг байсан. Миний хувьд Цэргийн их сургуулийн хуваарь авсан ч гэр бүл, ах дүү нарынхаа зөвлөмжөөр энэ мэргэжлийг сонгож байлаа. Физикийн хичээлдээ сайн байсан учраас илүү ойрхон санагдсан байх. Анх Хяргас сумын 9 жилийн дунд сургуулиас ажлын гараагаа эхэлсэн. Жилийн дараа Улаангом сумын 4 дүгээр сургууль 8 жилийн сургалтаас 10 жилийн сургалтад шилжихэд ирж ажилласан.Тэр цагаас хойш сургуульдаа тасралтгүй 22 дахь жилдээ багшаар ажиллаж байна.

-Энэ хугацаанд шавь нартайгаа хэрхэн хамтарч ажиллав?

-Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд ажиллах хугацаандаа 2006, 2012, 2018 онд 3 удаа анги дааж төгсгөсөн. 2012 оны төгсөлтийн ангийг сүүлийн 3 сар дааж ажилласан байдаг. Цогцолбор сургууль болоход би н.Гэрэлмаа багштай математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид физикийн хичээл орж байсан. Тус ангийнхаа 6 сурагчийг физикийн хичээлээр олимпиадад бэлтгэж байснаас шавь Б.Ганбаяр маань 8 дугаар ангийн төрөлд түрүүлээд, 9 дүгээр ангийн төрөлд 2 дугаар байр эзэлж байсан. Дараа жил нь аймгийн физикийн олимпиадын эхний 7 байрны зургааг нь шавь нар маань авч байсан. 2018 онд төгсгөсөн ангийн сурагч С.Идэр аймгийн олимпиадад түрүүлээд улсад явж байлаа. Мөн УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатын санаачилсан “Шинэ эрин” төслийн олимпиадад манай ангийнхан түрүүлж, Увс аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар 2 хоног аялах эрхийн бичгийн эзэд болж байлаа.

-Мэргэжлийн хүрээнд өөрийгөө хэрхэн хөгжүүлж ирсэн бэ?

-Багшаар ажилласан эхний жил шинэ төгсөгч учраас онолын мэдлэгийг сурах бичиг, мэргэжлийн номоос л олж авдаг байсан. Тэр үед зөвлөх, туслах хүн байхгүй. Ном дотор зам байна гэдэг шиг л шавь нартайгаа хамт хөгжиж, ажлын байрандаа практикаар суралцсан. Ер нь физикийн хичээлийн суурь мэдлэгийг Тэс сумын 10 жилийн сургуульд сурч байх үед олж авсан. Физикийн хичээлийг Б.Дарьжав багш, математикийн хичээлийг Г.Орлом багш заадаг байлаа. Улсын олимпиадын мөнгөн медальт Б.Дарьжав багшийнхаа давтлагад суугаад конкурст бэлтгэдэг байв. Эргээд бодоход сайн багш нарынхаа нөлөөгөөр физикийн хичээлд дур сонирхолтой болсон төдийгүй, багш мэргэжлийг сонгосондоо талархдаг. Багш хүн оролдлого, хичээл зүтгэлийнхээ үр дүнд амжилтад хүрдэг. Зүгээр суусан хүн амжилтад хүрнэ гэж байхгүй.

-Физикийн хичээлийг хүүхдэд ойлгомжтой заах таны аргазүй юу вэ?

-Шинжлэх ухааны хичээлийг сурагчдад энгийнээр амьдралтай холбон тайлбарлах нь илүү ойлгомжтой байдаг. Физикийн хичээлийн хувьд аливаа ухагдахууныг үзүүлж харуулах, туршилт хэлбэрээр явуулах нь илүү үр дүнтэй. Гэвч сургалтын орчинд хичээлд ашиглах тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн хомсдолтой байдаг. Математикийн хичээлийн суурь сайтай хүүхэд физикийг ойлгох нь амархан. Бүх хичээл уялдаа холбоотой цогц байдлаар явна. Физикийн хичээлд хими, математикийн хичээлийн мэдлэг чухал нөлөө үзүүлэх жишээтэй. Инженер мэргэжилтэй болох хүмүүсийн суурь хичээл бол физик юм. Хүүхдүүд ирээдүйд хэрэгтэй, шинийг бүтээдэг хүмүүс болохын тулд физикийн хичээлийг сонирхон судлах нь бий.

-Шавь нараас тань багш мэргэжлийг сонгон суралцах сонирхолтой хүүхэд хэр олон байна?

-Цаг үеэ дагаад улс оронд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон ажлууд хийгдэж байна. Хүний хөгжил талаасаа сургуулиудад сургалтын кабинетыг хүүхэд бүрд хүртээмжтэй болгох хэрэгтэй байна. Одоогийн сургалтын хэрэглэгдэхүүний хувьд зарим талаар хуванцар материалтай чанаргүй байдаг. Мөн өмнө нь хүүхэд өөрөө сурах зүтгэлтэй байсан бол одоо сонгосон хичээлээ түлхүү судлаад бусад хичээлийг орхигдуулах тал ажиглагдаж байна. Ном уншихаас илүү сошиал хэрэглээ, тоглоом тоглох сонирхол нь давамгайлах болжээ. Гэтэл номд мэдлэг бүтээсэн, амьдралд хэрэгтэй олон ойлголт байдаг. Нэг ёсондоо техник технологийн хөгжлийг дагаад хүүхдийн сэтгэхүйд тохирсон сургалтын арга зүй хэрэгтэй гэсэн бодол төрдөг.

Тэрчлэн бас нэг асуудал нь физикийн багш олдохгүй байна. Сүүлд 2019 онд Ховд их сургуульд очиход дөрвөн курст нийт 5 хүүхэд л суралцаж байсан. Бүх инженерчлэлийн мэргэжлийн суурь нь физикийн хичээлд хамааралтай болохоор физикийн хичээлдээ сайн хүүхэд багш болох уу, инженер болох уу гэсэн сонголтын өмнө цалин өндөртэй, ирээдүйтэй талаасаа инженерийн мэргэжлийг сонгодог. Багш мэргэжлийн ажлын байрны сонгон шалгаруулалт болоход шинэ төгсөгч байхгүй болсон байна. Миний шавь нараас багш болсон хүн байхгүй. Гол төлөв инженер мэргэжлийг сонгодог. Ер нь цаашид багш нарын нийгмийн асуудлыг шийдэх, материаллаг талаасаа дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Хамгийн чухал нь багш мэргэжлийн босго, үнэлэмжийг өндөрсгөвөл үүнийг дагаад шилдэг хүүхдүүд багш мэргэжлийг сонгоно. Энэ хэрээр ирээдүйн боловсон хүчин сайн бэлтгэгдэнэ шүү дээ.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Хань маань Улаангом сумын 5-р цэцэрлэгт цэцэрлэгийн багшаар ажилладаг. Том охин ШУТИС-ийн Интерейр дизайны сургуульд, дүү нар нь сургууль, цэцэрлэгт суралцаж байна.

Энэ ташрамд,аймгийнхаа ЕБС-ийн багш нартаа болон Улаангом сумын 4 дүгээр сургуулийн хамт олондоо ажлын их амжилт хүсье. Мөн аав, ээж, ах дүү нар, үе үеийн шавь нартаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ