АСЕМ-аар 196 байцаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-07-26 16:29:04

Монгол Улсад болсон АСЕМ-ын дээд түвшний 11 дэх чуулга уулзалт болон дагалдах 9 хурал амжилттай зохион байгуулахтай холбогдуулан Буянт–Ухаа дахь нисэх онгоцны буудал, зочид төлөөлөгчид байрлах зочид буудал, АСЕМ Вилла хотхон, Төрийн ордон, Их тэнгэр дэх цогцолбор, Дуурь бүжгийн эрдмийн театр, Чингисийн хүрээ амралтын газар зэрэг 120 барилга байгууламж, үйлчилгээний 250 гаруй аж ахуйн нэгж байгууллагад Мэргэжлийн хяналтын байгууллага  урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж ажиллалаа.

МХЕГ-ын даргын баталсан 46 заалт бүхий төлөвлөгөө, ажлын хуваарийн дагуу дэд дарга Ю.Галсанаар ахлуулж, Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэнгийн өдөр тутмын хяналт дор 11 ажлын хэсэгт 196 улсын байцаагч өнгөрөгч 02 дугаар сарын 25-аас 07 дугаар сарын 18-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, төлөвлөгөөгөө 100 хувиар амжилттай биелүүлэв. Өөрөөр хэлбэл,  эрүүл ахуй, халдвар хамгаалал, эмчилгээний чанар, эм био бэлдмэл, барилгын техник, эрчим хүч, мэдээлэл холбоо, хөдөлмөр, байгаль орчин, хүнсний чанар стандарт, цацраг, хил хорио цээрийн хяналт гэсэн 11 чиглэлээр урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийж,  зөвлөн туслах үйлчилгээг  тогтмол үзүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж ажиллаж байлаа. Үүний үр дүнд АСЕМ-ын хурал болон бусад үйл ажиллагаа болсон барилга байгууламж, тоног төхөөрөмжийн чанар аюулгүй байдал хангагдаснаар ямар нэгэн халдвар, хоолны хордлого, зөрчил дутагдал гараагүй юм. 

Өнгөрсөн хугацаанд хяналт шалгалтад хамрагдсан 120 барилга байгууламж, худалдаа үйлчилгээ явуулж байгаа 250 гаруй аж ахуйн нэгжид улсын байцаагчийн 100 дүгнэлт, 58 албан шаардлага, 33 зөвлөмж хүргүүлж, шалгалтаар илэрсэн 1098 зөрчил дутагдлын 84 хувийг нь газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч ажиллалаа гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Холбоотой мэдээ