Ипотекийн зээлийн асуудлаар ажлын хэсэг байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2022-04-18 18:23:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар, Монголбанк 2013 оноос хойш банкуудын эх үүсвэрээс 6.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 103.9 мянган өрхөд олгоод байгаа.


Үүнээс Монголбанк хамгийн их буюу 5.2 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон бол Засгийн газраас 341.36 тэрбум, арилжааны банкууд 646.6 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргажээ. Харин орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг талаар Шадар сайд С.Амарсайхан хөндөн, олон нийтэд мэдээлсэн билээ. 


Үүнд талууд өөр байр суурь илэрхийлэн, олон нийтийг төөрөгдүүлж байгаа тул Шадар сайдын үүрэг болгосны дагуу Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголбанк, Хөгжлийн банк, арилжааны банкууд, эдийн засагч, хөндлөнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулахаар болсон байна. 


Монголбанкаас хамгийн хямд эх үүсвэртэй буюу 4 хувийн хүүтэй санхүүжилт авсныгаа иргэдэд 8 хувиар олгож байсан бол 2020 оноос 1 хувийн хүүтэй санхүүжилт авч, 6 хувиар зээл олгож байгаа. Үүний 4.15 хувь нь иргэдийн цэвэр зээл рүү, 0.6 хувь нь арилжааны банкны үйл ажиллагаанд зарцуулагддаг бол МИК-ийн үйл ажиллагааны зардалд 0.5, үлдсэн 0.75 хувь нь МИК-ийн зээлийн эрсдэлийн сан руу ордог байна. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл олгох бүх үйл ажиллагааг гардан хариуцдаг арилжааны банктай адил МИК дундаас нь үйл ажиллагааны гэх мэт илүү зардал авч байгаа нь зохисгүй үйлдэл гэдгийг Шадар сайд онцлоод, ипотекийн зээлийн хүү, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг багасгах зэргээр тус зээлтэй холбоотой гомдол, маргаан их байдгийг цэгцлэх ёстой гэж үзэж байгаа юм.


Одоогоор Монгол Улсын 900 мянган өрхийн 11 хувь нь ипотекийн зээлтэй, 15-20 жилийн хугацаатай авсан зээлийн хүүгээ эхний 5 жилд бүтнээр нь тооцон төлдөг нь үндсэн зээлээс хасагддаггүй, урьдчилгаа их төлдөг атлаа дахиад барьцаа нэхдэг гэх мэт эрсдэлийг иргэд, арилжааны банкууд хамтдаа үүрч ирсэн байна хэмээн Шадар сайдын хэвлэлийн алба мэдээлжээ. 

 

Холбоотой мэдээ