Сугалаагаар цэцэрлэгт ордог асуудал үгүй болно

ТОЙМ
n_sarchihg@yahoo.com
2022-04-21 17:42:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сургуулийн өмнөх боловсрол гэж их ярьдаг өнөө цагт цэцэрлэгт хүүхдээ өгнө гэдэг бөөн асуудал. Хамгийн гол нь сугалаанд азтай нь л хүүхдээ цэцэрлэгт өгдөг жишиг тогтоод удсан.  Харин цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд санаачлан БСШУЯ, Сангийн яам, нийслэлийн Засаг дарга болон бүх дүүргийн засаг дарга, нийслэлийн агентлагийн дарга нар оролцон боломж, шийдлийг хэлэлцсэн нь цаг үеэ олсон, бүх нийтэд хамааралтай асуудал байв.


Нийслэлийн хэмжээнд 674 цэцэрлэг байгаагаас 216 нь төрийн өмчийн, 398 нь хувийн цэцэрлэг байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 69,729 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа бол нийслэлд 57 байршилд цэцэрлэгийн ачаалал өндөр байгаа ажээ. Улсын төсвөөс 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийг нэмж тодотгож, нийт 200 тэрбум төгрөгөөр ирэх есдүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгийн хүүхдүүд сугалаагүй, хаяг дээрээ цэцэрлэгт хамрагддаг болгох үүргийг Ерөнхий сайд өгсөн нь  эцэг эхчүүдийг баярлуулсан алхам болсон.


Асуудлын энэ хүрээнд БШУ-ны сайд дараахь танилцуулгыг хийсэн юм. Улсын хэмжээнд 2-5 насны нийт 305,278 хүүхэд байгаагийн 69,749 нь 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй байна. Нийслэлийн 57 байршилд цэцэрлэгийн хэт өндөр ачаалал үүсчээ. Иймд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх дараах шийдлүүдийг БШУЯ санал болгож буйгаа танилцуулсан. Үүнд:

  • Цэцэрлэгийн барилгыг шинээр барих өргөтгөх,
  • Цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх,
  • Төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах,
  • Байгууллагын цэцэрлэгийг дэмжих,
  • Хувийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих,
  • Өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх,
  • Орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах,
  • Хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдаж авах, түрээслэх,
  • Хүүхэд харах үйлчилгээг дэмжих,
  • Хоёр настай хүүхэд бүрд хувьсах зардал өгөх зэргийг тусгажээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газар, Нийслэл хамтран гаргах нь зүйтэй гээд эдгээр шийдлийг 2022 оны төсвийн тодотголд тусгахыг үүрэг болгосноор 2022-2023 оны хичээлийн жилд хүүхдүүд цэцэрлэгт сугалаагаар хамрагддаг байдал үгүй болно гэдгийг хэлсэн юм.


УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэхдээ цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх асуудал тусгасан эсэхийг тодруулсан. Энэ тухайд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны норматив зардалтай холбоотой хөрөнгө төсвийн тодотголд тавигдаагүй. Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 2,400 төгрөг байна. Ийм хэмжээний мөнгөөр хүүхдэд шаардлагатай илчлэгийг өгч чадахгүй. Тиймээс цэцэрлэгийн хоолны үнийг эцэг эхтэй нь хуваалцдаг болохгүй бол төр бүгдийг нуруун дээрээ үүрч явах хүндрэлтэй болоод байна.


2013 он хүртэл цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг эхээс нь авч байсан юм билээ. Улс төрийн зорилгоор тооцоо судалгаагүй гаргасан. Тэгсэн хэр нь төрөөс гаргаж байгаа зардал нь хүүхдэд хангалттай хэмжээний илчлэг өгдөггүй.


Тиймээс цаашид цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг эхээс гаргуулах зайлшгүй шаардлага байна. Гэхдээ мэдээж эмзэг давхаргын бүлгийнхээ төр анхааралдаа авч явах нь зөв” гэсэн юм.


Юутай ч, хонон өнжин дараалалд зосож дугаар авдаг алхмаас ангижирч, сугалаанд азаа үздэг үе өнгөрч, нялх балчир үрс минь харъяа цэцэрлэгтээ хамрагддаг цаг иржээ.

                                                                        Н.Саранчимэг

Холбоотой мэдээ