“Хүхэр ялгах байгууламж”-ийн лицензийн гэрээ байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-04-28 09:03:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газрын тос боловсруулах үйлдвэрийн Хүхэр ялгах байгууламж (Sulfur Recovery Unit)-ийг Францын “Аксенс” компанийн лицензээр барих гэрээ байгууллаа.


“Хүхэр ялгах байгууламж” (SRU)-ийн лицензийн гэрээнд төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Францын “Аксенс” компанийн Ази, номхон далайн салбар компанийн дэд ерөнхийлөгч, ноён Стефан Верместер нар гарын үсэг зурав.


Гэрээ байгуулсны дараа Монголын болон төслийн менежментийн зөвлөх компани, “Аксенс” компанийн инженер, мэргэжилтнүүд “Ажил эхлүүлэх уулзалт”-ыг цахимаар эхлүүлэв. Уулзалтаар хүхэр үйлдвэрлэх байгууламжийн зураг төслийн үндэслэл, дэвсгэр зураг зэргийг баталж, ажил гүйцэтгэх, хянах нарийвчилсан төлөвлөгөө зэргийг талууд тохиролцох юм.


Байгаль орчинд ээлтэй, олон улсын болон манай улсын стандартад нийцсэн, чанартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд Хүхэр үйлдвэрлэх байгууламжийн тусламжтай газрын тосны бүтээгдэхүүн дэх хүхрийг ялгаж, хүхрийн олон төрлийн нэгдлийг элементийн хүхэр болгон хувиргахад тус байгууламжийн зорилго оршино.


Францын “Аксенс” групп нь аж үйлдвэрлэлийн чиглэлийн 3000 технологийн лицензийг зохиогч, эзэмшигч бөгөөд жилд 70 мянган тонн катализатор, адсорбент үйлдвэрлэдэг, дэлхийн газрын тос, байгалийн хийн салбарын томоохон төлөөллийн нэг аж.


Монгол Улсад барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн гүн боловсруулалтын патенттай технологийн лиценз эзэмшигчдийн сонгон шалгаруулалт дуусаж, лиценз эзэмшигч компаниудтай ээлж дараалан гэрээ байгуулсаар байгаа билээ.

 

Холбоотой мэдээ