Д.Бринкман: Мод тарих ажлыг мал аж ахуй, уул уурхай, усны салбарын бодлоготой уялдуулах хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-05-05 14:14:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд Канад Улсын “Бринкман Рифорестейшн” компанийг үүсгэн байгуулагч ноён Дирк Бринкмантай уулзаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ойжуулалт, мод үржүүлгийн туршлага судлах, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.


Ноён Д.Бринкман ойжуулалтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бүх нийтийн мод тарих, ургуулах, цэцэрлэгжүүлэх соёлыг түгээх, мал аж ахуй, уул уурхай, усны салбарын хөгжлийн бодлоготой уялдуулах асуудлыг нарийн тооцоолох хэрэгтэйг онцлов. Тус компанийн төлөөлөл Монгол Улсын ойжуулалтын өнөөгийн байдал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явцтай танилцан, мэргэжлийн зөвлөгөө өгөх, туршлага хуваалцах чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв.


“Бринкман Рифорестейшн” нь 1970 оноос хойш ойжуулалтаар ажиллаж байгаа Канад Улсад төдийгүй дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 1.5 тэрбум мод тарьжээ. Канад Улсын хэмжээнд жилд 600 сая мод тарьдаг бөгөөд түүний 10 хувь буюу 60 саядыг “Бринкман Рифорестейшн” компани тарьдаг байна. Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтнууд тус компанийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан, тэдний технологиос суралцаж, мод тарив.

Холбоотой мэдээ