Элчин сайд Ш.Батцэцэг Колумби Улсын Конгрессын дээд танхимын Тэргүүн дэд даргатай уулзжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-05-07 13:27:14
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Элчин сайд Ш.Батцэцэг 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Колумби Улсад ажиллах үеэрээ тус улсын Конгрессын дээд танхимын Тэргүүн дэд дарга, хатагтай Маритза Мартинезтай уулзаж, хоёр улсын харилцааны асуудлаар санал солилцжээ.


Энэ хүрээнд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын хооронд хэлхээ холбоо тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, улмаар парламент хоорондын харилцаагаар дамжуулан хоёр талын хамтын ажиллагааг боловсрол, эмэгтэйчүүд, байгаль орчин, хөдөө аж ахуй зэрэг салбарт идэвхжүүлэн хөгжүүлэх боломжийг хөндөн ярилцсан байна.


Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Улсын Их хуралд Монгол, Латин Америкийн бүлэг үйл ажиллагаа явуулж байгааг тэмдэглэж, Сенатор М.Мартинез Колумбийн Конгресст Монгол, Колумбийн найрамдлын бүлэг байгуулах асуудлыг нухацтай судлан үзэж, ажил хэрэг болгохын төлөө ажиллахаа илэрхийлжээ.


 

Холбоотой мэдээ