Монгол, Унгарын хамтарсан баг Ар Гүнтэд археологийн судалгаа хийнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2022-05-12 16:17:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Унгар улсын Унгар судлалын хүрээлэн хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Санамж бичигт Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэн, Унгар судлалын хүрээлэнгийн ерөнхий захирал, доктор Хорват Лугошши Габор нар өнөөдөр гарын үсэг зурав.


Санамж бичигт тусгасны дагуу “Азийн хүннү ба европын хүннүчүүдийн түүх, соёлын харилцаа хамаарлын судалгаа” төслийг хэрэгжүүлэх, хамтарсан төслийн хүрээнд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт оршдог Ар Гүнтийн хүннүгийн булш, оршуулгын дурсгалт газар археологийн судалгаа хийх юм.


Монгол, Унгарын археологийн эрдэмтдийн хамтарсан судалгаа анх 1962 оноос эхтэй бөгөөд хамгийн сүүлд 2021 онд Бэлхийн аманд хүннүгийн булш малтсан бол энэ зун Ар Гүнтэд 20 орчим хүннү булш малтахаар төлөвлөжээ. Гол зорилго нь булшнаас гарах хүний яснаас ДНК-гийн судалгаа авч Монгол, Унгар нь гарал үүсэл нэг буюу хүннүчүүдийн удам гэдгийг баттай нотлохыг хүсэж буй юм.


“Хамтарсан төслийн археологийн малтлага судалгаагаар илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнд цогц судалгаа хийх, олон улсын хэмжээнд сурталчлан таниулахаас гадна Унгар, Монголын ард түмэн нэг удам угсаатай гэдгийг батална гэсэн хүлээлттэй байна” хэмээн Унгар судлалын хүрээлэнгийн ерөнхий захирал, доктор Хорват Лугошши Габор тодотгов.


Эртний унгар хэлэнд одоогийн монгол хэлний үгс ихээр хэрэглэгддэг байна. Мөн Унгар улсад Атилла хааны хойч үе гэж өөрсдийгөө нэрлэдэг хүмүүсийн амьдардаг тосгон бий. Тэрхүү тосгоны айлуудын эдлэл хэрэглэлд Монголын нутаг дахь хүннү булшнаас гарч ирдэг зарим хээ хуар ч дүрслэгдсэн байдгийг судлаачид хэлж байна.

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэн хэлэхдээ, “ШУА-ийн Археологийн хүрээлэн Унгар судлалын хүрээлэнтэй өнгөрсөн жилээс хамтарч ажиллаж байна. Өнгөрсөн жил Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран Бэлхийн амны хүннүгийн язгууртны булшны төслийг хамтран хэрэгжүүлсэн. Үүнд Унгар судлалын хүрээлэн дэмжлэг үзүүлэн булшнаас гарсан хүний ясны дээжид генетикийн шинжилгээ хийсэн. Энэ жил хамтарсан археологийн экспедиц Ар Гүнтийн суурьшлын бүсэд байгаа хүннүгийн жирийн иргэдийн буюу жижиг булшуудад малтлага судалгааны ажил хийнэ. Зургаадугаар сард судалгааны ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна” гэв.


Ташрамд дурдахад, ШУА-ийн Археологийн хүрээлэн Ноён уулын хүннүгийн булшны судалгааны үзэсгэлэнг Унгар улсад ирэх 11 дүгээр сард гаргахаар төлөвлөжээ. 



Холбоотой мэдээ