Элчин сайд Б.Энхсүх Итгэмжлэх захидлаа гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-05-18 07:30:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас НҮБ-ын Олон улсын далайн байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томилогдсон Элчин сайд Б.Энхсүх тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Китак Лимд энэ сарын 16-нд Итгэмжлэх захидлаа гардуулав.


Уулзалтын үеэр Элчин сайд Б.Энхсүх Монгол Улс далайн эрх зүйн салбарын 30 гаруй олон улсын конвенцод нэгдэн, үндэсний хууль, тогтоомжийг далайн эрх зүйн олон улсын конвенцын зохицуулалттай нийцүүлэхээр Засгийн газар тусгайлан төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байгааг танилцуулаад, Далай ашиглах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгааг онцлов.


Түүнчлэн Элчин сайд Б.Энхсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Китак Лим нар Монгол Улсын далайн тухай хууль, тогтоомжийг шинэчлэх, энэ салбарт хүний нөөцийн чадавхийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, тус байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улсын оролцоог идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.


Ерөнхий нарийн бичгийн дарга Китак Лим Байнгын төлөөлөгчөөр ажиллах болсон Элчин сайд Б.Энхсүхэд баяр хүргэж, Монгол Улсад техникийн дэмжлэг үзүүлэх боломжит салбаруудын талаар санал солилцов.

Холбоотой мэдээ