Төрийн албан хаагчид тусгай хөтөлбөрөөр чадавхжих сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-05-18 15:26:59

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү төслийг Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа аж.  

Уг төслийн хүрээнд төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж байна. Төслийн хүрээнд энэ 5 дугаар сараас эхлэн 12 дугаар сар хүртэл “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” дэд төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ төсөлд 6 яам, 5 агентлаг, 3 аймгийн Засаг даргын Тамгын газар сонгогджээ. Энэхүү сонгогдсон 3 аймгийн нэг нь Сэлэнгэ юм. Дэд төслүүдийн зорилго нь төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлагыг төлөвшүүлэх, албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх. Цаашлаад сургагч багш нарыг бэлтгэх, ёс зүйн шинэ менежментийг нэвтрүүлэхэд чиглэжээ. Мөн Төрийн албаны тухай хуулийн шинэтгэлийн гол үзэл баримтлал төрийн албыг чадахуйн зарчимд суурилсан шатлан дэвших тогтолцоог бүрдүүлж, мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай төрийн албыг бүрдүүлэх гэсэн үндсэн зорилготой юм.

Төслийн багийн бүрэлдэхүүн энэ сарын 17-20-ны өдөр Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Дээрх өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын удирдлагын баг, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар, хэлтэс албадын дарга нарт зориулсан сургалтыг явуулж байна.  

Сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар, хэлтэс, албадын даргын нэгжийн дарга, ахлах мэргэжилтнүүд, хүний нөөцийн мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн салбарын байгууллагуудын эмч мэргэжилтнүүд болон ёс зүйн зөвлөлийн дарга, гишүүд нийтдээ 400 орчим төрийн албан хаагчид тусгай хөтөлбөрийн хүрээнд хамрагдах аж. 

Холбоотой мэдээ