Банкуудын IPO гаргахтай холбоотой хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-19 15:49:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэг өдрөөр хойшлуулав.


УИХ 2021 оны нэгдүгээр сарын 29-нд баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системд нөлөө бүхий банкууд энэ оны 6 дугаар сарын 30-нд багтан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар зохицуулсан. Гэвч цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг дагасан үнийн өсөлт, сүүлийн үед олон улсад бий болсон цэрэг улс төрийн хурцадмал байдлаас шалтгаалан цаашид эдийн засаг, санхүү, төсвийн нөхцөл байдал хүндэрч, хөрөнгө оруулалтын орчин эрсдэлд орох хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд буюу IPO хийх хугацааг хэт ойр тогтоож хэрэгжүүлэх нь хөрөнгийн зах зээл дээр банкны үнэлгээ буурах эрсдэл дагуулж болзошгүй байгаа аж. Иймд банкуудын хувьцаагаа анхдагч зах зээлд олон нийтэд нээлттэй гаргах хуулийн хугацааг нэг жилээр сунгах тухай УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны саналыг Засгийн газар дэмжиж, сунгах нь зүйтэй гэж үзэн уг хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.


Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир банкуудын IPO гаргах хугацааг нэг жил бус 6 сараар сунгах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийллээ.


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, таван банк хоёр сарын дотор IPO гаргахад хэцүү хэмээв. Түүнчлэн, “Арилжааны банкууд одоо шууд IPO гаргаж болно. Хуулийн төсөл IPO гаргахыг хойшлуулахаар тусгасан юм биш. IPO гаргаж дуусах хугацаа ирэх сарын 30-нд дуусах байсныг нэг жилээр сунгаж байгаа юм” гэлээ.


Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, банкуудын IPO гаргах явцыг хялбаршуулах боломж байгаа эсэхийг тодруулав.


Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, “Банкуудын IPO-г борлуулах дэд бүтцийн байгууллага бэлэн байгаа. Монгол Улсын иргэд арилжааны банкуудад нийт 20 их наяд төгрөгийн хадгаламжтай байгаа. Тиймээс банкуудын IPO-д иргэд оролцох боломжийн талаар мэдлэг мэдээлэл олгох “Ногоон сум” аяныг улс даяар эхлүүлсэн. Ерөнхийдөө иргэд брокер, диллерын компанид арилжааны банкан дахь дансаа бүртгүүлээд, гар утсаараа захиалга өгөх боломжтой” гэсэн хариулт өгөв.


Мөн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Г.Амартүвшин нар хуулийн төслийг хэлэлцэх үед Монголбанкны ерөнхийлөгчийг байлгах зайлшгүй шаардлагатай гэдгийг онцлоод хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасныг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авснаар хуулийн төслийн хэлэлцүүлгийг маргааш хүртэл хойшлуулав.

Холбоотой мэдээ