Номын баяраар давхардсан тоогоор 700 гаруй иргэнд үйлчилжээ

ОРОН НУТАГТ | Төв
tuv@montsame.mn
2022-05-21 21:09:35

Төв /МОНЦАМЭ/ Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Үндэсний номын баяр-2022” үйл ажиллагааг "Илүү их уншъя" уриатайгаар орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Номын баярыг Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл урлагийн газар, Зуунмод сумын ЗДТГ, Нийтийн номын сан, Музей, Монгол туургатан театр, Зуунмод сумын соёлын төв хамтран өнөөдөр 11.00-16.00 цаг хүртэл Мөнх-Алдарын талбайд зохион байгууллаа.

Орон даяар 3 өдрийн турш зохион байгуулахаар төлөвлөсөн хэдий ч Төв аймаг энэхүү өдөрт зориулан зохиолч уншигчдын уулзалт, 27 сумын цэцэрлэгийн хүүхдүүд болон бага ангийн сурагчдын дунд “Шидэт ном” сэдэвт бяцхан ном бүтээх уралдаан, аж ахуй нэгжүүдийн дунд уран бичвэрийн уралдаан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд тэргүүний уншигч, шүлэг ном уншигч, зүйр цэцэн үгийн мэдлэгийг шалгах уралдаан гэх мэт олон төрлийн тэмцээнийг өмнөх өдрүүдэд зохион байгуулж, өнөөдөр нээлтийн үеэр шагналыг гардууллаа.


Мөн тус үйл ажиллагааны хүрээнд Төв аймгийн Нийтийн номын сан, Музей, Зуунмод сумын соёлын төв, Монгол туургатан театр тус бүр нэг цагийн дотор өөрсдийн байгууллагын онцлогийг тодотгосон танин мэдэхүйн тэмцээн, урлагийн тоглолт, зохиомжийг хүрэлцэн ирсэн иргэдэд үзүүллээ.

“Номын баяр-2022” үйл ажиллагаанд Төв аймгийн Нийтийн номын сан “Хамгийн хамгийн” бүтээлүүдийн үзэсгэлэнг дэлгэн тавьсан юм. Түүнчлэн соёлыг түгээн дэлгэрүүлэх нэг цагийн үеэрээ их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийн хэсгээс дуулж, "Цагаан сар ба хар" нулимс өгүүллэгийн зохиомжийг амилуулан сурагчдаар жүжигчилсэн тоглолтыг толилуулан, Төв аймгаас төрөн гарсан алдарт зохиолчдын шүлэг, яруу найргийг уншиж сонордууллаа. Мөн "Аз хур" номын их дэлгүүрийн шинэ номын худалдааг хамтран зохион байгуулж, 100 гаруй шинэ номын фондоор давхардсан тоогоор 700 гаруй иргэнд үйлчилжээ.

 

Холбоотой мэдээ