Нийслэлийн усан хангамжийг сайжруулахад Будапешт хот туслахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2016-08-04 16:23:58

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр БНУУ-ын Будапешт хотын захирагчийн Санхүү хариуцсан орлогч  ноён Др.Габор Багдитай уулзлаа.

Уулзалтаар хотуудын хамтын ажиллагааг улам илүү гүнзгийрүүлж, хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцов. Өнгөрсөн оны 12 сард байгуулсан “Хотуудын хамтран ажиллах санамж бичиг”-ийг  Будапешт хотын орлогч Др. Габор Багди нийслэлийн Засаг даргад гардуулав.

Засаг дарга С.Батболд зочид төлөөлөгчдийг Улаанбаатарт тавтай морилохыг хүсээд, “Монгол, Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой өнгөрсөн онд тохиож,  Унгар улсын Элчин сайдын яамыг Монгол улсад байгуулсан нь хотуудын хамтын ажиллагааг улам илүү бэхжүүлэхэд чухал үйл явдал болсон. 1957 оноос эхлээд Монголын олон залуус Унгарт суралцаж мэргэжил эзэмшиж ирсэн. Энэ уламжлалыг үргэлжүүлэн Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр Унгарт суралцах оюутны тоог нэмэхээр болсонд баяртай байна. Энэ нь хотуудын хамтын ажиллагааг өрөгжүүлэхэд түлхэц болно” гэдийг онцлов. 

Мөн 2015 онд Унгар Улсын Ерөнхий сайдын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр  Будапешт хотын компанитай Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийг сайжруулах,  шугам хоолойг солих шинэчлэх зэрэг асуудлаар Ус сувгийн удирдах газар хамтран ажиллахаар болж гэрээний дагуу хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Унгарын Эскпорт-Импорт банкнаас Улаанбаатар хотод 25 сая еврогийн зээл өгөх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Уг зээлээр нийтийн тээврийн эко автобус  угсрах үйлдвэрийн төсөл, Туул голын үерийн далан, эко системийг сайжруулах, амралт зугаалгын бүс байгуулах,  “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Ухаалаг хотхон” байгуулах зэрэг томоохон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ