Дэлхийн экспортыг дэмжих форумыг 2023 онд Улаанбаатар хотноо хийнэ

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.gov.mn
2022-05-24 19:27:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн Гүйцэтгэх захирал Памела Коук-Хамилтон нар уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.


Сайд Б.Батцэцэг өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улс, ОУХТ-ийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байна. Тухайлбал, тус байгууллагаас манай улсын экспорт, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тэргүүлэх салбаруудыг тодорхойлсон Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын 2019-2023 оны замын зураглалыг боловсруулахад дэмжиж, Монгол Улсын худалдааны чадавхыг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв.


Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд Дэлхийн экспортыг дэмжих форумыг Улаанбаатар хотноо 2023 онд хийхээр эцэслэн тохиролцож, ОУХТ-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын эдийн засгийн хөгжил, экспортын чадавхыг дээшлүүлэхэд, мөн үүнд эмэгтэй бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэхэд чиглэсэн хамтарсан ажил өрнүүлэх санал тавив.


ОУХТ-ийн Гүйцэтгэх захирал П.Коук-Хамилтон дээрх саналыг дэмжиж Дэлхийн экспортыг дэмжих форумын бэлтгэл ажлын хүрээнд ирэх 9 дүгээр сард Монгол Улсад айлчлахаа нотолж, цаашид Монгол Улстай хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээг өргөжүүлэх, эдийн засгийн хөгжлийн шинэ хуудас болоод буй ногоон эдийн засаг, цахим эдийн засгийг дэмжих, эдгээр салбарт бизнес эрхлэх боломжийг нэмэхэд хамтран ажиллахаар зорьж буйгаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ