"Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа

Монголын мэдээ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2022-05-26 17:12:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж батлав. 


УИХ-ын хуралдаанаар "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн  эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Засгийн газраас энэ оны 4 дүгээр сарын 29-нд УИХ-д өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 22-ны хуралдаанаар хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулав.


УИХ-ын даргын захирамжаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Чинзоригоор ахлуулж, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Б.Баттөмөр, С.Бямбацогт, Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсэг тогтоолын төсөл болон төслийн хавсралттай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанаар санал хураалган шийдвэрлүүлэхээр 14 зарчмын зөрүүтэй санал бэлтгэн ажилласныг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулгадаа дурдлаа.



Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуралдаан даргалагчаас чиглэл өгсөн, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-д заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах нь зүйтэй гэж үзсэн тул тус Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсан.


Ажлын хэсгээс Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд төр, хувийн хэвшлийн түншлэл, зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан төсөл, арга хэмжээнд шаардагдах бэлтгэл хангах, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл боловсруулахдаа хөгжлийн бодлогын тэргүүлэх салбар, чиглэлийг тодорхойлж, хөгжлийн төсөл, арга хэмжээг эрэмбэлэх, тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээний гүйцэтгэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт бүрийн хэрэгжилтийг үнэлэх боломжтойгоор төлөвлөгөөний төслийг боловсруулахыг Засгийн газарт даалгасан заалт нэмжээ.


Мөн төслийн хавсралтад ажлын байрыг нэмэх, халамжаас хөдөлмөрт шилжих оновчтой бодлого хэрэгжүүлэх, өрийн менежментийг сайжруулах, уул уурхайн түүхий эдийн боловсруулалтын түвшин, үнэ цэнийг нэмэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг холбогдох зорилгод нэмж, төслийн хавсралтад тусгасан зарим төсөл арга, хэмжээний нэрийг өөрчилж банк, санхүүгийн зах зээлийг өргөжүүлж, оновчтой тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, шинэ суурьшлын бүс, чөлөөт бүсийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахыг тусгах санал гаргасан байна. 


Ажлын хэсгээс гаргасан төслийн хавсралтын суурь, зорилтот түвшний тоон үзүүлэлт, утгыг нэмэх, өөрчлөхтэй холбоотой саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ажлын хэсгээс Байнгын хорооны хуралдаанаар санал хураалгахаар бэлтгэсэн 14 зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар 13 саналыг дэмжсэнийг С.Чинзориг гишүүн танилцуулгадаа дурджээ. 



Холбоотой мэдээ