Хил гаалийн асуудлыг хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-03 14:32:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нарын 26 гишүүн “Хянан шалгалтын түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.


Уг түр хороо нь хилийн боомтуудад үүсээд буй нөхцөл байдал, төрийн болон хувийн уурхайн үйл ажиллагаа, тээврийг шалгаж, , экспортыг нэмэхэд учирч болзошгүй эрдэлийг шалгах аж. Мөн хил гаалийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, сахилга хариуцлагыг шалгана гэдгийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тогтоолын төслийг өргөн барьсныхаа дараа хэвлэлийн хурал хийхдээ онцлов.


Тэрбээр, “Түр чөлөөт бүсийн асуудлыг мөн авч үзнэ. УИХ-аас Чөлөөт бүсийн тухай хуулийг баталж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч бүсүүдийн үйл ажиллагаа жигдрэхгүй байгаа нь ямар шалтгаантай вэ гэдгийг зайлшгүй шалгаж, дүгнэлт гаргах шаардлагатай байна. Түүнчлэн Замын-Үүд болон бусад боомтод ачаа тээврийн бөөгнөрөл үүсэж, тээврийн үнэ өсөж байгаа шалтгаан, хилийн нэвтрүүлэх чадамжийг нэмэхэд хуулийн ямар зохицуулалт шаардлагатай вэ зэрэг олон асуудал бий. Боомтын захиргаанаас эхлээд төрийн олон байгууллага байгаа ч уялдаа холбоогүй, зарим талаараа иргэдийг чирэгдүүлдэг, авлигалын сүлжээ бий болсон зэрэг хардлага нийтэд бий болж, иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна. Тиймээс тээврийн асуудлыг шийдвэрлэх, үнийн хөөрөгдлийг буулгах, бараа бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх зайлшгүй шаардлагатай байна” хэмээв.

Холбоотой мэдээ