"Зэв" клубийн тамирчин Ц.Гэрэлт-Од "Шилдэг эрэгтэй тамрчин"-аар шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-06-06 16:29:56
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2022 оны олимпын таеквондогийн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-5-нд Дундговь аймгийн Мандалговь хотноо болж, аваргуудаа шалгарууллаа.

Тус тэмцээнийг Монголын таеквондогийн холбоо, Дундговь аймгийн таеквондогийн холбоо, аймгийн ЗДТГ, БТСГ хамтран зохион байгуулж, 30 клубийн 350 гаруй хүүхэд залуучууд өсвөр үеийн ангиллын 20, залуучуудын ангиллын 20 жинд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.

Багийн дүнгээр өсвөр үеийн ангилалд Сэлэнгэ аймгийн “Хараагийн хөх чоно” клуб, залуучуудын ангилалд Улаанбаатар хотын Спортын дунд сургууль тус тус тэргүүлсэн байна.

2022 оны олимпын таеквондогийн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээн нь УИХ-ын гишүүн С.Батболдын ивээл дор зохион байгуулагдсан бөгөөд энэ оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж буй Дэлхийн таеквондогийн холбооны шинэчилсэн дүрмийн дагуу болсноороо онцлогтой юм.

Тус тэмцээнд Дундговь аймгийн таеквондогийн “Зэв” клубээс 22 тамирчин оролцож, 1 алт, 4 мөнгө, 8 хүрэл медаль авч, залуучуудын ангилалд тус клубийн тамирчин Ц.Гэрэлт-Од "Шилдэг эрэгтэй тамрчин"-аар шалгарчээ. Зэв клуб нь 2013 онд байгуулагдсан бөгөөд одоо 100 гаруй тамирчин хичээллэдэг ажээ. 

Холбоотой мэдээ