В.Н.Дрожжов Монгол улсад айлчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-08 15:16:15

ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов Монгол улсад айлчлал хийнэ.

Тэрбээр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нартай уулзалт хийх юм. Мөн Монгол Улсад цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сэргээх тухай Засгийн газар хоорондын Протокольд гарын үсэг зурна.

Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон өнгөрсөн оны тавдугаар сард ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгутай уулзахдаа энэхүү протокольд гарын үсэг зурж, үргэлжлүүлэх тухай харилцан ярилцсан юм. Протокольд гарын үсэг зурснаар манай улс ОХУ-аас зэвсэг техникийн туслалцаа авах, тус улсад сургах цэргийн алба хаагчдынхаа тоог нэмэх боломж бүрдэх юм.

В.Н.Дрожжов ОХУ-ын нэгдүгээр зэргийн төрийн зөвлөх зэрэгтэй бөгөөд ОХУ-ын Зэвсэгт хүчинд 1984 оноос хойш ажиллаж байгаа юм байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ