П.Цэгмид: Монголд Б.Пүрэвсүхээс өөр эрдэмтэн зураач төрөөгүй

Монголын мэдээ | Ярилцлага
bolor@montsame.mn
2022-06-23 12:09:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын кино урлагийн ноён оргилуудын нэг болсон "Мандухай сэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны ерөнхий зураачаар Монгол Улсын төрийн шагналт, зураач Батцэндийн Пүрэвсүх ажилласан байдаг. Өнөө жил Монголд эзэн богд Чингис хааныхаа тухай анхны түүхэн киног бүтээсний 30 жилийн ой тохиож байна. Тиймээс Монголын уран зургийн 1970-1980 оны нэрт төлөөлөгч Б.Пүрэвсүх, С.Элбэгдорж, Ё.Өлзийхутаг нарын дурсгалд зориулсан “Репиний академийн шадар-3” үзэсгэлэнг нээх  үеэр СГЗ П.Цэгмидтэй Б.Пүрэвсүх агсны тухай онцлон ярилцсан юм. 


-И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академийг 1946 онд анх удаа монгол хүн зорьж байсан гэдэг. Маш их нэр хүнд, үүх түүхтэй энэ сургуулиар "овоглодог" манай уран бүтээлчдийн дунд 1980-1990-ээд оныхон юугаараа онцлог вэ гэдгээс яриагаа эхлэе?


-2015 оны хавар би Москва, Ленинградаар аялах далимдаа И.Е.Репиний академид очсон юм. Тус академийн захирал С.И.Михайловский надад том зузаан, цэнхэр хавтастай ном хоёрыг бэлэглэсэн нь И.Е.Репиний академид 1905-2015 он хүртэлх хугацаанд суралцаж төгссөн зураач, уран бүтээлчдийн тухай товч намтрыг багтаасан ном байлаа. Тэрбээр нэгийг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бэлэглээрэй гэснийг нь би ёсоор болгосон билээ. Түүхийн талаас 265 жилийн түүхтэй алдартай сургуулийн маш үнэ цэнтэй тэрхүү номд манай улсаас хамгийн анхны төгсөгч зураач Лувсангийн Гаваа гуайгаас эхлээд бүх монгол оюутны нэр, диплом хамгаалсан тухай өгүүлсэн байдаг. Монгол Улсын Төрийн шагналт, УГЗ, Ардын зураач Л.Гаваа 1952 онд төгссөн. Түүнээс хойш зураач, барималч, урлаг судлаач, архитектор гээд дүрслэх урлагийн олон салбарын төрөл бүрийн мэргэжлээр 70 шахам хүн төгссөн байдаг юм байна.

Харин Монголын анхны дээд боловсролтой зураач гэвэл Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын зураач Н.Цүлтэм, Төрийн шагналт, Ардын зураач Г.Одон, Ардын зураач, театрын нэрээр алдаршсан Ц.Доржпалам гуай нар юм. Монголд Европын соёл, дүрслэх урлагийг оруулж ирсэн, албан ёсны дипломтой анхны дээд мэргэжлийн тодотголтой зураач гэвэл энэ гурав юм.

1960-аад оны дунд үеэс Монголын дүрслэх урлагт барууны урлагийн нөлөө, гэгээ орсон гэж хэлж болно. Тэр үед барууны урлагийг Зөвлөлтийн урлагт тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрч эхэлж байсан ч бас л хязгаарлагдмал үе байсан юм. Нэг нам ноёрхсон үзэл сурталд хүлээстэй тэр үед зураач С.Дондог, Г.Баяр, Я. Үржнээ, Н.Арвис, Г.Соосой, барималч Ц.Доржсүрэн, М.Бүтэмж, П.Балдандорж нар шинэ үеийн урлагийг монголд дэлгэрүүлэх талд нэлээн ажил хийж бас ч юм дуулгаж байсан байдаг.

Тухайн үед зөвхөн ЗХУ-д Ленинград, Москвад төдийгүй Чехословак, Польш, Герман, Болгар гээд социалист орнуудад дүрслэх урлагийн дээд боловсролоор сургууль төгсөж байлаа.

Үүнээс 1970-аад оны сүүлч үе, 1980-аад оны эхээр тухайн үеийн ЗХУ-ын Ленинград /Санктпетербург/ хотод суралцсан Б.Пүрэвсүх, Ё.Өлзийхутаг, До.Болд, С.Элбэгдорж, Б.Сосорбурам, Д.Мягмар, Я.Оюунчимэг, Ц.Амгалан, Н.Санчир, барималч Р.Энхтайван, урлаг судлаач Д.Дашбалдан, Р.Дүйнхоржав, О.Дамдиндорж, Д.Энхтайван, С.Төгс-Оюун  нарын зураачид төгсжээ. Тэднийг 1980-аад оны Монголын дүрслэх урлагийг тодорхойлох гол төлөөлөгчид гэж үздэг.

Тэд шинэ үзэл бодлоор жигүүрлэн өөр өөрсдийн үзэлтэй бодолтой болон төгсөж ирсэн юм. Тэдэнд Орос, Европт нэрд гарсан ЗХУ-ын нэрт мастерууд Е.Е.Мойсеенко,  Б.С.Угаров, А.Д.Зайцев, А.Мельников, Ю.М.Непринцев, М.К.Аникушин гээд алдартай багш, профессорууд багшилж байсан нь ихээхэн нөлөөлжээ. Энэ нь манай шинэ үеийн дүрслэх урлагийн хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэж, 1980-аад оныхон гэдэг тодотголтой дүрслэх урлагийн бүхэл бүтэн нэгэн шинэ үеийн төлөөлөл болсон юм.  

Тэдний гол төлөөлөгч нь  миний найз, Батцэндийн Пүрэвсүх гэж маш эгэлгүй хүн байлаа. Түүнийг монголчууд “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны ерөнхий зураач, багш бас түүхэн бүтээлүүдээр нь  мэддэг шүү дээ.


                    "Эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн" Б.Пүрэвсүх

-Үзэсгэлэнг нээгээд буй яг энэ үед танд олон дурсамж төрж буй байх...?

-Олон зүйл бодогдож байна аа... Б.Пүрэвсүх, С.Элбэгдорж, Ё.Өлзий маань бодогдож байна. Наснаасаа эрт буцсан найз нараа бодоход сэтгэлд нэг л хачин, эзэнгүй. Тэдний маань бүтээсэн бүтээл, дурсамжууд миний сэтгэлд хөвөрч байна. Энд анд Б.Пүрэвсүхийн зурсан нэгэн дутуу хөргийг хараад дурсамж маань сэргэж байна. Б.Пүрэвсүх, С.Элбэгдорж хоёр 1980-аад онд Цэндийн Дамдинсүрэн гуайг зурах гэж гэрт нь очсон гэдэг. Цаад санаа нь Б.Пүрэвсүх зурах нэрээр тэр их хүнтэй ярилцах зорилготой С.Элбэгдоржоо уруу татан дагуулж явжээ. Ц.Дамдинсүрэн гуай тэдний хүсэлтийг зөвшөөрөөд цаг өгч, хоёулаа гэрт нь өнжиж зурсан байгаа юм. Харин найз Б.Пүрэвсүх Ц.Дамдинсүрэн гуайгаас асуух гэсэн юмаа л асуугаад байж. Тэгээд С.Элбэгдорж зургаа зурж дуусгаж, Б.Пүрэвсүх дутуу орхисон түүхтэй  тэр зураг нь одоо энд өлгөөтэй байна. Хожим нь Ц.Дамдинсүрэн гуай Зохиолчдын хороон дээр хүнд ярьж байна гэнэ. “Хоёр залуу ирж намайг зурлаа. Нэг нь надтай түүхийн талаар нэлээн юм ярилаа. Биеийг нь харвал шавилхан бага хүн юм. Үзсэн дуулсныг нь сонсвол хэдийнээ эрдэмтэн болсон нөхөр байх юм. Сургийг нь сонсохнээ Шаравын Сүрэнжавын дүү байж” гэж магтаж байсан юм гэнэ билээ.

Б.Пүрэвсүх бидний үзэж дуулаагүй, хараагүй, уншаагүй бүхнийг мэддэг, маш нандин цуглуулгатай хүн байлаа. Тэднийд түүнээс юм сонсох гэж, үзэх гэж, харах гэж том том эрдэмтэд ч их ирдэг байлаа. Бид ч цуглуулгыг нь үзэх гэж, сонин дуулах гэж очдог байв. Тэр үед бид үндэсний үзэл, бахархал, огших оюунаараа цангасан харанхуй улс байж дээ хөөрхий.  Нэг нам ноёрхсон тэр үед бараг юм бүгд хориотой байсан цаг. Бидний үзэх, мэдэх гэсэн тэр хориотой зүйлс бараг бүгд Б.Пүрэвсүхийнд л байсан юм.


-Тухайлбал...?

-Гадаадын түүхч, эрдэмтдийн Монголын түүхтэй холбоотой маш ховор ном, материалууд, гэрэл зургууд, тухайлбал, Д.Сүхбаатарыг оршуулж байгаа, Дамбийжаагийн элдэв зураг, Саж ламын зураг гээд хориотой хаалттай огт үзэж байгаагүй зүйлсийг цуглуулсан байдаг нь гайхалтай. Тухайн үед түүхч, уран бүтээлчдэд ус агаар мэт дутагдаж байсан Монголын түүхийн мэдлэг мэдээллийг бид Б.Пүрэвсүхийнхээс л олж үздэг байлаа. Б.Пүрэвсүх үнэхээр сонин хууч түүх дэлгэдэг байв. Гэргий Д.Бодьсүрэн нь жинхэнэ бодь нэрэндээ тохирсон, орсон гарсныг дайлж цайлсан, инээж хөхөрсөн, өөрөө бас түүх сонирхдог учраас ханийнхаа цуглуулсан бүгдийг ангилж, цэгцэлж ялгаж өгдөг, зөвлөдөг, үнэхээр бурхнаас заяасан хань, үнэнч туслагч, хөгжмийн багш хүн байв. Тэрбээр ханиа өөд болсных нь дараа ч гэсэн энэ ажлаа улам баяжуулан үргэлжлүүлж, үр хүүхдүүддээ өвлүүлж өгсөн, гавьяатай ээж  байлаа.


-Хувь хүнийхээ хувьд ямар зан чанартай байв?

-Манай Б.Пүрэвсүх их энгийн, дуу цөөтэй, элэгсэг, бага зэргийн шооч, жинхэнэ хүний төлөө сэтгэлтэй, хот, хөдөөгийн амьдралыг хослуулсан эгэлгүй, хүн ялгадаггүй  нэгэн байв. Маш цэгцтэй, нуршихгүй ярина. Тэрбээр гайхуулж онгирч, дэгж дэрвэж, сайрхаж ярьж байхыг нь би үзээгүй. Үнэхээр их эрдэмтэн зураач байлаа. Ер нь манай зураач уран бүтээлчдийн дунд ийм их энгийн мөртлөө эрдэм ухаан төгс, хүн чанар, авьяас нь тэгш заяасан хүнийг би урьд өмнө нь ч, одоо ч хараагүй л явна.

Цаг үеийн шаардлагаар төрсөн хүн байж дээ найз минь. Тиймдээ ч Монголын орчин үеийн дүрслэх урлаг, кино урлагийн түүхэнд Батцэндийн Пүрэвсүх гэдэг ээж, ааваас хайрласан нэрээ алдраараа мөнхөлж бичиж үлдээсэн нь гарцаагүй.

Б.Пүрэвсүх академид сурч байхдаа хуучин номын дэлгүүр, номын зах гээд монголын түүхтэй холбоотой юу л байна, түүнийг маш идэвхтэй, шуналтай цуглуулдаг байж. Өөрөөр хэлбэл, монголынхоо түүхээр цангасан, донтсон, түүний төлөө төрсөн хүн байлаа. Тухайн үед академид суралцаж байхад нь монгол оюутнууд “Бид номын дэлгүүрээс салдаггүй Б.Пүрэвсүх, кино театраас салдаггүй Баянхонгорын Д.Мягмар гэж хоёр нөхөртэй улс” гэж хошигнон ярьдаг байсан нь зүгээр ч нэг үг биш юм.  Өөрийн хэдэн шавиа хөтөлж явсаар сургуульд оруулж байсан. Шавь нараа эцэг шиг нь хөтлөн хөөцөлдөж сургуульд оруулж байсан хүн бидний үед Б.Пүрэвсүх л байлаа.  

 

-Та хоёр хэрхэн танилцаж байв?

-Б.Пүрэвсүх бид хоёрыг түүний үнэнч багын найз, мэргэжил нэгт, ангийн анд, МУЭ-ийн нэрэмжит шагналт, алдарт зураач, эрхэм нөхөр Ё.Өлзийхутаг анх танилцуулсан түүхтэй. Ё.Өлзийхутаг сургууль төгсөж ирснийхээ дараах жил 1978 оны зун МУЭХ-ноос зохион байгуулсан хэд хэдэн аймгийн зураач нарын бүсийн курсыг Сэлэнгэ аймгийн Шаамарын САА-д төвлөрүүлж удирдаж явуулсан юм. Тэр үед нэг нутгийн бид хоёр арай илүү дотно танилцаж нөхөрлөж, багш шавь болж явахдаа Б.Пүрэвсүхийн тухай их ярьдаг байв. “Чи ер нь Б.Пүрэвсүхтэй найзлах ёстой хүн байна, та хоёр яг тохирно” гээд л ярина. Миний хувьд түүх сонирхоно, бас ч гэж эсэргүүндүү явлаа. Нийгэмдээ шүүмжлэлтэй хандаж, түүнийгээ ил тод хэлчихнэ бас ч үгүй. Зарим нэгний хараа нүдэнд явдаг байв. Тэгээд курс ч тарлаа, би Пүрэвсүхтэй танилцаж чадаагүй нутаг буцсан юмдаг.

Харин 1980 онд би Багшийн дээд сургуульд оюутан болж суралцахаар хотод ирлээ. 1980 оны намар Ё.Өлзийхутагийнхаа баруун дөрвөн замд байдаг гэрт нь очвол нөгөө Б.Пүрэвсүх, Ц.Амгалан, С.Элбэгдорж гээд Репинийхэн тэднийд найрлаж байхтай таарав. Тэгж л анх нөгөө их аварга, ирээдүйн анд Б.Пүрэвсүхтэйгээ танилцаж байлаа. Тэд түүх, урлаг, улс төр гээд ярихгүй сэдэв байхгүй. Тэр нь шинэ оюутан надад маш том хичээл болдог байсан нь тодорхой. Хичээлийн ширээний араас сонсоогүй эрдмээ хэдэн найз, тэр дундаа Пүрэвсүхээсээ сурсан даа.

                    "Шинэ цагийн босгон дээр" Б.Пүрэвсүх 1984 он

-Б.Пүрэвсүх агсны голлох бүтээлүүд түүх хувьсгалын сэдэвтэй. Таны дээр хэлсэнчлэн маш их судалгаа, мэдлэгтэй байж ийм бүтээлүүдийн ард гарсан байх. Зураач өөрөө ч "Зураач болох гэж гагцхүү авьяасын шандсаар зүтгэвэл даль жигүүр дутна" гэж хэлсэн байдаг юм билээ?

-Тийм ээ, тухайн үед Б.Пүрэвсүх шиг түүх хувьсгалын сэдвээр зурдаг зураач цөөхөн байлаа. Б.Пүрэвсүх асар их судалгаатай. Ер нь тэр чигээрээ архив байв. Түүний бүтээсэн “Амарсанаа” бүтээл нь Увс аймгийн музейд, “Толбо нуурын тулаан том диарам зураг нь Баян-Өлгий аймгийн музейд, Саж ламыг баривчилсан нь” бүтээл нь НАХЯ-ны музейд хадгалж байдаг. “Д.Сүхбаатар нутагтаа”, “Хатанбаатар Магсаржав” гээд олон бүтээлээ туурвиж байхад нь би хажууд нь байнга шахуу л байдаг байв. Пүрэвсүх өвөртөө номгүй явна гэж ерөөсөө байхгүй, хуучин, шинэ, хавтастай хавтасгүй үргэлж ном өвөртөлж явна. Хот, хөдөө айлд хаа ч явсан ороод номын сан руу нь толгойгоо шургуулчихна. Хачин хүн шүү.

 

Б.Пүрэвсүхэд төрсөн ах Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав, түүний найз Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном  гээд тухайн цагийн сайн, муугаараа хэлэгдэж, яригдаж явсан нэртэй эрдэмтэд, зохиолчид, урлагийнхан маш их нөлөөлсөн нь ойлгомжтой. Тэр дундаа Төрийн хошой шагналт, Ардын зураач О.Цэвэгжав багш нь хамгийн их нөлөөлсөн байдаг. Р.Чойном Пүрэвсүхийг академид сурч байхад нь ховор ховор түүхэн холбогдолтой ном захидаг, түүнийг нь Пүрэвсүх зуны амралтаараа ирэхдээ авчирч өгдөг, бие биедээ захидал бичдэг, хоорондоо харилцаатай ах, дүү болсон улс байжээ. Р.Чойном мандалин хөгжмөөр “Магнаг үсэгтэй туг”-ийн аялгуунд Пүрэвсүхэд зориулж шүлэг бичээд магнитофонд хуулж, Пүрэвсүхэд захиа болгон явуулдаг байсан нь сонин. Түүнийг нь Пүрэвсүх, Бодио хоёр надад сонсгож л байлаа. Р.Чойном бол Ш.Сүрэнжав гуайн сайн найз нь, Пүрэвсүхийн сайн ах нь байсан.  

Чадварлаг сайн зураачийн бүтээсэн эскиз зураг тэр хэвээр дэлгэцэнд буух нь буй бөгөөд Мандухай хатны төрж буй хэсэг, Цэгц баатрын үхэл, тулалдааны дараах байдал гэх мэт Б.Пүрэвсүх зураачийн олон эскиз тэр чигээрээ кадрт тусгагдсан байдаг аж. /сурв./


                                    "Батмөнхийг хаанд өргөмжилж буй нь" Б.Пүрэвсүх              

-Харин Б.Пүрэвсүх агсны бүтээл ямар онцлогтой, бусдаас юугаараа ялгардаг гэж та үздэг вэ?

-Б.Пүрэвсүх харахад ноомой, даруу хүн боловч уран бүтээл нь яаж ийм хүнээс ийм эрч хүчтэй ийм бүтээл төрдөг байнаа гэж өөрийн эрхгүй дуу алдуулдаг нь их сонин. Их эрч хүчтэй, хурц хөдөлгөөнтэй, агаарлаг өнгөтэй, сүрлэг зохиомжтой, цөөн дүрсээр том үйл явдлыг оночийг нь олж илэрхийлж чаддаг нь түүний онцлог байв. Бичлэгийн хувьд цацаж цалгисан, нухаж будаагүй, тунгалаг өнгөөр эрчтэй бичдэг нэгэн байлаа.

Түүний амнаас О.Цэвэгжав багш гэдэг үг салахгүй. О.Цэвэгжав багш бол түүх, хувьсгал, мал аж ахуйн сэдвээр том хэмжээний бүтээлүүд олныг туурвисан, монголын дүрслэх урлагт үе үеийн мэргэжлийн зураачдыг бэлтгэн гаргасан, алдартай зураач хүн байв. О.Цэвэгжав гуайн тунгалаг өнгө, эрч хүчтэй хөдөлгөөн, зохиомжоос Б.Пүрэвсүх суралцсан нь түүний гол бүтээлүүдээс харагддаг.


                                "Мандухай сэцэн хатан" хатан кино бүтээх явц 

-“Мандухай сэцэн хатан” киног бүтээхэд олон гайхалтай уран бүтээлч ажилласан. Тэр хэрээр амжилтад хүрсэн нь мэдээж. Гэхдээ үзэгчийг хэд ч үзсэн уйдаамгүй бүтээл болгоход киноны зураач эрхэм гавьяа байгуулсан гэж бодогддог. Үзэгчдийн нүдэнд буух дүрслэлийг ерөнхий зураач анх цаасан дээр буулгадгаараа тухайн киноны өнгө аясыг тодорхойлдог гэдэг шүү дээ?

-1985 оноос “Мандухай сэцэн хатан” кино хийхээр яригдаж эхэлсэн. Б.Пүрэвсүхийг Дүрслэх урлагийн сургуульд багшилж байхад нь киноны ерөнхий зураачаар томилсон байдаг. Энэ ажлыг түүнээс өөр хийж чадах хүн үнэндээ тэр үед Монголд байгаагүй.

“Мандухай сэцэн хатан”, "Мөнх тэнгэрийн хүчин дор" энэ хоёр кинонд тэрбээр сэтгэл зүрх, өөрийн үлдсэн амьдралаа бүхэлд нь зориулсан хүн. Энэ хоёр киног бүтээхэд Пүрэвсүхгүй юм байгаагүй.

Тухайн үед Б.Пүрэвсүх Төрийн шагналт, эрдэмтэн, угсаатны зүй судлаач Хандын Нямбуу багштай их холбоотой ажиллаж байлаа. Энэхүү хоёр том киноны ард Нямбуу багш, Пүрэвсүх хоёр үргэлж хамт байдаг байв. Х.Нямбуу багш өөрөө Б.Пүрэвсүх шиг их эгэл дөлгөөн, өргөн мэдлэгтэй, агуу эрдэмтэн бас зураач хүн байсан. Манай Пүрэвсүх хэрийн хүнд заяагаагүй, няцаж буцахыг мэддэггүй хөдөлмөрч хүн байлаа. Тиймдээ ч энэ хоёр кинонд ямар их ажил амжуулсан юм бэ гэж би одоо ч хийсэн ажлаас нь хардаг. Монголын түүх, Монголын кино урлагийн түүхэнд 1940-өөд оны үед монголчууд “Цогт тайж” гэж нүсэр зардалтай кино бүтээсэн бол түүнээс хойш 40-өөд жилийн дараа “Мандухай сэцэн хатан” киног бүтээсэн байдаг.

“Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” энэ хоёр киног бүтээхэд Монголын кино урлагийн түүхэнд урд өмнө байгаагүй их бүтээл үйлдвэрлэл болсон юм. Хувцас хунар, эдлэл хэрэглэл, зэр зэвсэг, эмээл хэрэгсэл гээд бэлэн зүйл байгаагүй. Тэр үед мартагдаж үгүй болсон зүйлсийг Б.Пүрэвсүх л нөхдийнхөө хамтаар бий болгож үлдээсэн гавьяатай. Найзыгаа энэ хоёр киног эх орон, ард түмэндээ бүтээж үлдээх л гэж нийгмийн захиалгаар мөнх тэнгэрээс заяагдсан хүн байжээ гэж боддог.

Энэ хоёр кино бол зураачийн хөдөлмөр давамгайлсан, зураачийн кино болсон нь эргэлзээгүй. Миний хувьд “Мандухай сэцэн хатан” кинонд зориулсан календарын эхийг бүтээж найздаа тусалж байлаа. Календарыг нь Дундговийн урчуудын эвлэлийн салбарын торон хэвлэлийн тасагт хэвлэж байв. Энэхүү календарыг хэдэн зуун хувиар хэвлэж кинонд оролцсон хүмүүст тараасан.


-"Мандухай сэцэн хатан” кинонд уран бүтээлчийн судалгаатай чимхлүүр хөдөлмөр үнэхээр мэдрэгддэг л дээ...

-“Мандухай сэцэн хатан” киноны зурганд орохоор дайчлагдсан 4000 гаруй цэрэг, дарга нар Дорноговь аймгийн Зүүнбаянгийн дивизээс Булган, Өвөрхангай, Төв аймгийн хил залгаа Элсэн тасархай тийш  марш хийж яваад Мандалговьд түр саатах үед тэднийг авч явж байгаа дарга нарын нэг нь манай найзын найз байж, бид хоёр цэргийн цувааг тосон авч, үдэж явуулж байв. Баруун хойш үргэлжлэн цувах их цуваа талд тоос татуулан одох нь үнэхээр сүртэй байж билээ. Тэр цувааг хараад би найзыгаа арми командлагчийн дүрээр төсөөлөн бодож бахархаж байлаа. Улс орныг донсолгосон нүсэр их ажил эхэлсэн нь үнэндээ миний сэтгэлийг хөдөлгөж билээ. 


                "Чингисийг хаан ширээнд өргөмжилж байгаа нь" Б.Пүрэвсүх

-"Мандхай сэцэн хатан" киноноос дөрөвхөн жилийн дараа "Мөнх тэнгэрийн хүчин дор" кино бүтэхэд киноны зураачийн авьяас, мэдлэг ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нь лавтай. Өнөө жил "Мөнх тэнгэрийн хүчин дор" кино бүтсэний 30 жилийн ой тохиож  байна?

-1990 оны цагаан морин жилд Монголын нууц товчооны 750 жилийн ойгоор би Өмнөговь, Дундговийн зураачдыг аваад Хэрлэнгийн хөдөө аралд очсон юм. Монголчуудын магнай тэнийсэн их даншиг монгол орныг сэрээж хөдөө аралд их хааныхаа хөшөөг нээж байлаа. Энэ цаг үе “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зураг авалт ид эхэлсэн үе байв. Тэр үед би найзтайгаа Хэрлэнгийн хөдөө аралд уулзалдаж байлаа. Найз маань гоё цэнхэр дээл өмсөж, төрийн шагналын тэмдгээ энгэртээ зүүчихсэн, хоёр хүүгээ дагуулан манай Дооровын гэх тодотголтой майханд зочлон ирж байсан нь саяхан мэт.

Арван жил үерхсэн хоёр найз, монгол орноо нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжиж байгаа шилжилтийн алтан зааг агшин, тэр дундаа "Монголын нууц товчоон"-ы 750 жилийн ойгоор Хөдөө аралд уулзаж байсан нь түүх болон үлдэж дээ.  Даншиг дээрээс Хар зүрхний хөх нуурт "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноныхоо их эзэн Чингисийг хаан ширээнд залж байх тэр агшны зураг авалттай гээд намайг “Надтай хамт явахгүй юм уу” гэж байсансан. Тэгэхэд би олон хүн авч явж байсан болохоор энэ удаа амжихгүй, дараа болъё гээд татгалзаж байж билээ.

Миний өдий зэрэгтэй яваа минь Б.Пүрэвсүхийн маань нөлөө их байсан гэж би боддог. Миний амьдралд ч тэр тусалж байлаа. Миний үзэл бодол төлөвшиж, урлагт өдий дайны явахад минь надад хамгийн их нөлөөг үзүүлсэн хүн бол Б.Пүрэвсүх анд минь юм. Даанч эрт явчихсанд нь харамсаад баршгүй. Одоо ч харамсаж явдаг.


-Эцэст нь танаас нэг "монголгүй" асуулт асууя, уншигчдад сонин байж мэдэх юм. Хэрэв Б.Пүрэвсүх зураач “Мандухай сэцэн кино”, “Мөн тэнгэрийн хүчин дор” кинонд ажиллаагүй байсан бол ...?

-Б.Пүрэвсүх энэ цаг үед монголын түүхийн сэдэвтэй олон том зураг бүтээх байсан, Чингис хаан, эзэнт гүрэн, Алтан орд, Ил хаад гээд олон сэдвээр бүтээл туурвих байсан нь эргэлзээгүй. Монгол Улс их Чингис хааныхаа музейг бүтээн босгож байгаа энэ цаг үед Б.Пүрэвсүх маань байсан бол гол тоглогч автор нь байх байсан гэдэг нь маргаангүй.

Монголчууд энэ их хүнээр “Мандухай сэцэн хатан”,  “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино болон олон арван түүхэн бүтээл бүтээлгэж үлдсэн азтай ч бас азгүй ард түмэн. Хүн бүтээж, бүтээснээ хойч үедээ үлдээхийн тулд төрдөг бол Б.Пүрэвсүх маань энэ хорвоод ирээд буцахдаа ясны уран бүтээлч байх үүргээ нэр төртэй биелүүлж, бүтээж туурвиад буцсан... Эрхэм нөхрөө одоо байсан бол гэж байнга бодож явдаг...

"Киноны зураач юу хийдэг вэ, ямар үүрэгтэй вэ? Киноны зураач гэдэг бол цэвэр түүхийн баримт судалгаан дээр тулгуурлаж, уран сэтгэлгээг зураачийн ур чадвартай хослуулан байхгүй зүйлийг бий болгон киноны баатрын өмсгөлөөс эхлээд бүгдийг эскиз зургаар илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, кино зохиолоос киноны ѳнгѳ дүрслэлийн шийдлийг урьдчилан тѳсѳѳлж эскиз зургууд гаргана. Цаасан дээрх тэдгээр эскизийг биет зүйл болгох нь мөн л ажлын нь чухал хэсэг болдог байна. Тухайлбал, материал, ѳнгийг сонгож, захиалга ѳгч оёулна, шалгана, зѳвлѳгѳѳ ѳгнѳ./сурв./

Холбоотой мэдээ