Казахын ард түмний цээрлэх ёсон

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-06-21 12:35:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казахын ард түмний цээрлэх ёсон бусад нүүдэлчин ард түмнүүдийнхтэй төстэй. Цээрлэл нь байгаль, газар устай хүйн холбоотойгоос улбаалсан гэлтэй. Түүнчлэн төр түмнээ хүндлэх, хүнлэг ёсыг дагаж хүндэтгэхтэй ч холбоотой. Тэдний заримыг нь доор танилцуулж байна.


Хүнлэг ёсыг дагахтай холбоотой цээр:

- Эцэг эхээ үл хүндлэх, гомдоох;

- Хүнийг алах;

- Худал хэлэх;

- Хулгай хийх;

- Андгай тангаргаасаа буцах;

- Нэг нэгэндээ хүч хэрэглэх;

- Хөрштэйгээ муудалцах;

- Хүмүүсийг гаднаас нь муулах;

- Ядуу, өнчин өрөөснийг гомдоох, адлах;

- Ахмад настай хүмүүстэй хамт сууж байхад түнээс түрүүлж үг хэлэх, идээ будаанд гар хүрэх;

- Охид, эмэгтэйчүүдийг доромжлох;

- Ил задгай хувцаслах;

- Охид, эмэгтэйчүүд, нялх хүүхэд рүү шунаж ширтэх;

- Ахмад настан, өнчин хүүхэд, бэлэвсэн эмэгтэйчүүдийг халамжлахгүй байх;

- Хутганы үзүүр, хоосон бууны хонгилыг хүн рүү чиглүүлэх;

- Хүнд хуйгүй хутга бэлэглэх;

- Хүүхэдгүй хоосон өлгийг хөдөлгөх;

- Гал руу нулимах;

- Жирэмсэн эмэгтэй үсээ тайруулах;

- Талх, будааг хаях;

- Хаалганы босго, довжоо гишгэх, хэрж зогсох;

- Шөнө дөлөөр ус барих, үс, хумс авахыг цээрлэнэ.


Төр түмнээ хүндлэхтэй холбоотой цээр:

- Төрдөө үл захирагдахыг хатуу цээрлэнэ. "Эзэн чинь эрлэгийн чөтгөр байлаа ч зарлигийг нь дага", "удирдагч хүн бол бурхны газар дээрх элч" гэдэг. Ард түмэн, улс орондоо аюул занал нүүрлэхэд эрчүүд зугтаж дүрвэхийг хориглодог.


Шашинтай холбоотой цээр:

- Аллах эзнээ үгүйсгэх, түүнтэй хамт өөр зүйлийг тахин шүтэхийг цээрлэнэ;

- Цусалж төхөөрөөгүй малын мах, гахайн мах идэх;

- Албан ёсоор гэрлээгүй үед, эсвэл эхнэр, нөхрөөсөө өөр хүнтэй бэлгийн харьцаанд орох, дотно харилцаа үүсгэх;

- Нохойных шиг шүдтэй ан амьтад, идшээ сарвуугаараа барьдаг шувуудын мах идэх;

- Согтууруулах ундаа уух;


Байгаль, газар устай холбоотой цээр:

- Нар, сар луу харан морь харах;

- Гол мөрөн, гал, ус, үнс, малын хот, булшин дээр бие засах;

- Гэмгүй амьтныг хөнөөх;

- Шувуу, шоргоолж, зөгийний үүрийг эвдэх, өндгийг нь бяцлах;

- Удган модыг тайрах;

- Ургаа мод цавчих;

- Нялх ногоо зулгаах;

- Буга, тэх, угалз, хун, хойлог, ангир мэтийн амьтдыг намнах;

- Хотонд зөнгөөрөө орж ирсэн анг хороох;


Малтай холбоотой цээр:

- Морь малыг зодох;

- Моринд буруу харж мордох;

- Хоосон эмээл унах;

- Сүү саалийг газар, усанд дусаах;

- Зэл, хөгнө, аргамж, ач модыг гишгэж алхан гарах;

- Ботго, унага руу шунаж ширтэх;

- Нядалсан малын цусыг бусад малын нүдэнд харуулан асгах.

 

Холбоотой мэдээ