ОРХОН: Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэнээр Е.Баярмагнай, Н.Цэцэгсүрэн нарыг шагналаа

ОРОН НУТАГТ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-07-11 10:57:20
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 100 гаруй хүнийг  Төрийн дээд одон, медаль, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар шагналаа.

Шагналыг УИХ-ын гишүүн Д. Батлут, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг дарга С.Батжаргал, Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Түвшинжаргал нар гардууллаа. 
Тулгар төрийн 2231, Их Монгол Улсын 815, 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны 45,46 жилийн ойг тохиолдуулан уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, төр захиргаа, хөнгөн үйлдвэр, боловсрол болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүд ийнхүү хөдөлмөрөө үнэлүүллээ. 
  Е.Баярмагнай: Соёл урлагийн салбарт ажилласан 35 жилийн хөдөлмөрөө үнэлүүллээ



Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрын Уран сайхны удирдагч Е.Баярмагнайд “Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн” цол хүртээлээ. Тэрээр “Энэ шагнал бол Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын хамт олны шагнал юм. Баярлаад хэлэх үг олдохгүй байна. Үзэгч түмэндээ маш их баярлалаа. Улам их хичээж, олон шинэ уран бүтээл гаргах болно” гэлээ. Түүний хувьд соёл урлагийн салбарт 35 жил ажиллаж тайз, дэлгэцийн нийт 103 бүтээлийн зохиолч, найруулагч, гол болон туслах дүрийг бүтээжээ.

Н.Цэцэгсүрэн: Арван зургаан настайгаасаа Соёл урлагийн салбарт жүжигчнээр ажилласан



Түүнчлэн жүжигчин Намсрайн Цэцэгсүрэн “Монгол улсын гавьяат жүжигчин” цолоор энгэрээ мялаалаа. Тэрээр 16 наснаасаа урлаг хэмээх их айлд жүжигчнээр орж 32 жил ажилласан байна. Тэрээр, “Төр засагтаа маш их баярлалаа. Миний 32 жилийн хөдөлмөрийг өндрөөр үнэлсэнд үнэхээр сэтгэл хангалуун байна. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээждээ, ханьдаа, үр хүүхдүүддээ маш их баярлалаа” гэв. 

Ч.Мягмар: 1975 онд Эрдэнэт хотод ирж анхны гэрэл зурагчдын нэг болж байлаа



Мөн Төрийн дээд “Алтан гадас” одонгоор Эрдэнэт хотын анхны гэрэл зурагчдын нэг Ч.Мягмар шагнууллаа. Тэрээр “Алтан гадас одонгоор шагнуулсандаа маш их баяртай байна. Би 1975 онд Эрдэнэт хотод ирж тэр цагаас хойш гэрэл зургийн салбарт тасралтгүй ажилласан. Гэрэл зураг бол түүх юм. Гэрэл зурагчин бол түүхийг мөнхөлдөг маш хариуцлагатай мэргэжил. Тиймээс залгамж болсон залуучуудад ажлын өндөр амжилт хүсмээр байна. Хөдөлмөрийг минь өндрөөр үнэлсэнд маш их баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

 Ө.Сайндаа: Хөдөлмөрийг минь үнэлсэн төр засагтаа баярлалаа



Мөн Алтан гадас одонгоор Цамхагт краны оператор Өвгөнхүүгийн Сайндаа шагнууллаа. Тэрээр 1987 онд Эрдэнэт хотод илгээлтээр ирж мэргэжлээрээ тасралгүй ажиллаж байна. Тэрээр “Би улсад 35 жил ажилласан. Энэ хөдөлмөрийг минь өндрөөр үнэлсэнд баярлаж байна. Сүүлийн 20 гаруй жилд Очир төвд кранчнаар ажиллаж байна. Ажлын хамт олондоо маш их баярлалаа” гэлээ. 

Улс, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан 104 хүнийг Төрийн дээд одон медалиар, 1000 гаруй хүнийг Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар шагналаа. 

Холбоотой мэдээ