Монгол үндэстний гайхамшигт түүх, өв уламжлалыг илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ойн баяр наадмын нээлт Монгол үндэстний гайхамшигт түүх, өв уламжлалыг илэрхийлсэн онцгой содон боллоо.
Дэлхий нийтэд тархсан “КОВИД-19” цар тахлын улмаас Үндэсний их баяр наадам 2 жил өнжсөн билээ. Энэ жилийн баяр наадмын нээлтийн тоглолтыг Улсын драмын Эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар найруулсан юм. Тэрбээр наадмын нээлтийн талаар онцлохдоо: "Наадмын нээлт "Би хэн юм бэ? гэсэн асуултаас эхэлж би бол монгол хүн гэдэг агуулгаар дуусаж байна. Үндэсний малгай, дээлээ өмссөн, монгол наадамд зон олноороо гэр бүл, худ ураг, хамаатан, найз нөхөд, нутаг усныхан бүгд хүрэлцэн ирсэн байна. Бид бол Монгол үндэстэн, түүхэн гайхамшигт үндэстэн гэдэг санааг харуулахыг Наадмын нээлтэд төрийн бүх байгууллагад, чөлөөт уран бүтээлчид, зохиолын дуучдын холбоо, рок попын уран бүтээлчид оролцлоо. Энэ нээлтийн тоглолтод циркийн үзүүлбэрийг түлхүү орууллаа. Монгол циркийн гайхамшигтай сайхан үзүүлбэрүүдийг наадмынхаа үзүүлбэртэй хослуулан хүргэхийг зорьсон. Монгол хүн цаашид ёс суртахууныг яаж эрхэмлэх вэ, ёс зүйтэй байхыг дээдлэнэ гэсэн анхааруулгыг өгч, Д.Данзанравжаагийн сургаалийг оруулсан" гэлээ.
Мөн найруулагч Н.Наранбаатар наадмын нээлтийн товлосон уламжлалт цагийн тухайд хэлэхдээ: "Зарим хүмүүс наадмын нээлтийг орой хийвэл яасан юм, дэлхийн стандартыг дагая гэдэг. Нартай өдрийн 11 цагт ард түмнээ баярлуулна гэдэг монгол наадмын нээлтийн ёслол, урлагийн тоглолтын ялгамж онцлог гэж би хувьдаа ойлгодог" гэлээ.