ХОВД: Малын тэжээлийн ургамал тариалахад түлхүү анхаарчээ

ОРОН НУТАГТ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-07-28 15:05:48

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн газар тариалангийн салбарт 3200 иргэн, 19 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна.

2021 онд нийт 2852 га талбайгаас 27939.82  тонн ургац хурааж, өмнөх оноос 3069.3 тн буюу 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байлаа. Харин 2022 оны хавар 3054.8 га талбайд тариалалт хийсэн.

ХХААХҮЯ-наас 80 хувийн хөнгөлөлттэй үнээр хүнсний ногооны 22 нэр төрлийн 12.2 тонн үрийг давхардсан тоогоор 620 гаруй тариаланчид нийлүүлсэн юм.

Тариаланчид эхнээсээ ургац хураан авч, шинэ ургацын ногоог зах зээлд нийлүүлж байна. 

Малын тэжээлийн ургамал тариалалтын тухайд,  2021 онд 660.8 га талбайд тариалалт хийж, 2507.2 тн ургац хураан авсан ба нэг га-гийн дундаж ургац 37.9 цн байсан.  Тэгвэл 2022 онд Булган, Буянт, Дарви, Үенч, Ховд, Чандмань, Жаргалант сумынхан нийт 613.8 га талбайд тэжээлийн ургамал тариалалт хийсэн байна.  

Буянт суманд “Шинэ Ховд” баруун бүсийн корпораци овьёос, “Цант” ферм өөрийн хэрэгцээнд бага хэмжээнд эрдэнэ шиш, бусад аж ахуйн нэгж, иргэд нийлээд 90 га-д тэжээлийн ургамал тариалалт хийсэн байна.

Ховд сум 300 га-д царгас тариалсан. Шинээр “Арвижих фарм” ХХК 500 га талбайд эрдэнэ шиш тариалах төлөвлөгөөтэй байсан боловч энэ хавар 175 га талбайд эрдэнэ шиш тарьжээ.  Бусад сум 14.2 гаовьёос, 220.6 га-д тэжээл тариалсан байна.  

                            

                                            Хадлан бэлтгэдэг гол бүс нутгуудын тухайд…

Аймгийн хэмжээнд зуншлага тааруу байгаагаас хадлан өмнөх оноос бага бэлтгэх төлөвтэй байна.  

Булган сум нь 6 дугаар сарын 25-ны өдрөөс хойш бороо хур ороогүйн улмаас гарсан ногоо хатах гандах байдалтай байна. Хадлангийн хувьд Булган голоо дагаж хадлан авах боломжтой өмнөх оныхоос хадлангийн хэмжээ 30 хувиар бага авах төлөвтэй байна.

Мянгад сум нь хадлангийн хувьд Цагаанбулан багийн нутаг дэвсгэр голын гадна маш муу, дотор талд модон гүүрнээс доош хадлантай боловч хуурай байгаагаас шалтгаалж ургац сийрэг байна. Гахайт багийн хувьд хадлангийн ургац голын гадна тааруу, дотор талд боломжийн байна. Хуурайшилт ихтэй байгаа учир энэ жилийн хувьд эрт хадланд орох төлөвтэй байна. Хадлангийн ургац урьд оныхоос бага байхаар байна.  

Буянт сум нь энэ жил бороо хур ороогүйн улмаас хадлан муу байна. Иймд хадлан хадах хэмжээг тогтоож хадуулах арга хэмжээ авахаар ажиллаж байна. Зах зээлд борлуулах өвс байхгүй байна. Хадлангийн бус нутагт 2 багийн  мал өвөлжиж, хаварждаг учир хүндрэл гарах төлөвтэй. Одоо бод мал уруудаж гол хаяалдаж орж байна.

Ховд сум нь хадлангийн ургац муу, хадлангийн бүс нутгаар бороо ороогүй байна.


                                                         Цаашдын зорилт…

Алтай сумын Боомын ам, Дарви сумын Хойд гол, Манхан сумын Төгрөгийн гол,  Мянгад сумын Даянхайрханы чиглэлийн услалтын систем, Эрдэнэбүрэнгийн услалтын системийг сэргээн засварлаж үр тариа, тэжээлийн ургамлын тариалалтыг  нэмэгдүүлж, тэжээл үйлдвэрлэлийн хэмжээг  өсгөх зорилтыг хөдөө аж ахуйн салбарынхан дэвшүүлжээ.

Мөн хүлэмжийн аж ахуй эрхэлж, шинэ ургацын ногоогоор иргэдийн хэрэгцээг хангаж, зах зээлд хүрэлцэх хэмжээгээр тасралтгүй нийлүүлэх нөхцөл бүрдүүлэхэд анхаарч, дулааны эх үүсвэртэй газруудад өвлийн /нарлаг, шилэн/ хүлэмжийн аж ахуйг байгуулна.  

1990 оноос төмс, хүнсний ногооны үр бэлтгэх систем үгүй болж, тариалан эрхлэгчид зөвхөн ашиг орлогоо бодон үр үйлдвэрлэлийг бүр мөсөн орхигдуулсан. Иймээс Алтайн бүсийн хөрс, цаг уурийн нөхцөлд тохирсон үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэжээлийн ургамлын нутагшсан сортын үр үржүүлж,  үрийн аж ахуй байгуулах зорилт бий.  

Тус аймаг жилд 300.0 гаруй мянган толгой мал хүнсэнд, 400.0-500.0 мянган толгой мал буюу 600 гаруй тн мах бэлтгэж зах зээлд нийлүүлдэг.

Энэ жилийн хувьд зуншлага муу байгаагаас мал тарга, хүч тааруу авах төлөвтэй, малчид малаа зах зээлд борлуулах сонирхол их байгаа тул өмнөх оноос илүү хэмжээний мал, махыг зах зээлд нийлүүлэхээр байна.

Тус аймгийн хэмжээнд 10 аж ахуйн нэгж  мал төхөөрөх, мах бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй. Мал, махыг зах зээлд нийлүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад цаашид анхаарна гэж аймгийн удирдлагууд онцлон танилцууллаа.

 

Холбоотой мэдээ