УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 оны намрын чуулганы 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-08-12 15:51:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн /Их цааз/- ийн төслийг хэлэлцжээ. Тэдгээрээс Монгол улсын төрийн байгуулал гэсэн 3 дугаар бүлгийн дэд хэсэг УИХ-ын бүтцийг  хэлэлцсэн тэмдэглэлээс үргэлжлүүлэн уншигч танд хүргэе.


Р. Гончигдорж:- Нэг танхимын хувьд А, Б гэсэн хоёр хувилбар байна. Жилүүдийн хувьд асуудал яримааргүй байна. А хувилбарыг /доторх жижиг асуудлуудыг нь мартъя. Тэр жил, хугацаа энэ төрийн хувьд/ дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 15,
  • татгалзсан 20,
  • түдгэлзсэн 2, бүгд 37 олонхын дэмжлэг авахгүй байна. 

За тэгвэл Б хувилбарыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 16,
  • татгалзсан 21,
  • түдгэлзсэн 2, бүгд 39 олонх дэмжихгүй байна.

Гү. Лхагважав:-Б хувилбарыг эсэргүүцсэн улсууд чинь 6 жилд нь уурлаад байгаа юм байхгүй юу.

Р. Гончигдорж:-Би хэлсэн шүү дээ, тэр дотор талын хугацааг үл анзааръя. А, Б гэдэг хувилбар байна. Нэг нь ратацитай, нөгөө нь ратацигүй ерөөсөө өөр юм байхгүй шүү дээ. Одоо олонх, цөөнх гэхгүйгээр саналаа хэлье. 15, 16 гэсэн харьцаатай байна.

Л. Цог:-Бид энийг олон дахин ярьсан даа. Би хувьдаа Б хувилбарын төлөө байгаа хүн юм. Яагаад илүү вэ гэхээр миний бодлоор нөхөн сэлбэх, парламентын мэргэшсэн уламжлалаа хадгална гэсэн энэ давуу талыг юугаар ч сольж болохгүй юм л даа.Тэгэхээр энэ хувилбарын төлөө байгаа юм.

Д. Энхбаатар:- Би А хувилбар дээр нь миний санал илүү нийцэж байгаа юм. 4 жил байх нь бараг зүйтэй юм шиг байгаа юм. Нөгөө талаас Б хувилбар руу орох юм бол парламентын бүрэн эрх гэсэн асуудал тэнд байхгүй байгаа юм. Парламентын бүрэн эрх гэдэг бол сонгогдсон гишүүд, тэр 75 гишүүн сонгогдсон бол 4 жилийн хугацаанд л бүрэн эрхээ эдэлж байна. Зүгээр сэлбэдэг байх юм бол тэр чинь парламентын яг байгууллагынх нь хувьд /байгууллага гэх үү дээ/ бүрэн эрх байхгүй болно. Тэр утгаар нь хэлээд байгаа юм.

А. Болат:- Таван жилийн хугацаатай гишүүдийн бүрэн эрх танхимын эрхтэй хамт байдаг хугацаанаас нь өмнө сольдоггүй, А хувилбар, тэгэхдээ хугацааны хувьд 5 жилтэй байхаар санал хураалгаж өгөөч гэсэн ийм саналтай байна.

Р. Гончигдорж:- Хугацааг түр мартъя. Ерөөсөө сэлгээтэй юу, сэлгээгүй юу гэдэг дээр энэ хувилбар дээрээ ярья.

Х. Сүхбаатар:-А хувилбарын хувьд 4 жил болоод парламент бүрмөсөн тарчих гээд байна. Ер нь улсын бодлого цаа нь тогтвортой байх үүднээс Б хувилбар дээр байвал яасан юм бэ гэсэн саналтай байна.


С. Баярцогт:-Энэ ратацитай хувилбарыг би илүү дэмжиж байгаа. Ер нь парламент хууль тогтоох засаглал бол нэлээн зогсонги, консерватив чийглэлтэй байгууллага, тухайн сонгуулийн жилүүдэд зөвхөн гүйцэтгэх засаглал маш хүчтэй ажилладаг. Тийм болохоор консерватив үзэл санаа хадгалагдаж байх зорилгоор шинэ хүмүүс ирж байхад , нөгөө хэсэг нь үлдэж байх, тэр нь аяндаа тэгж уламжлагдаж байх, энэ бол төрийн бодлого хэрэгжиж байна гэсэн утгаар, гүйцэтгэх засаглал 4, 4 жил, 5, 5 жилээр солигдож байна гэдэг бол улс орны эдийн засгийн бодлого их өөрчлөгдөнө, намуудаар. Энэ учраас ратацитай хэлбэр нь аль ч талаасаа бодсон илүү ашигтай байгаа юм.

М. Энхсайхан:-Би ажлын хэсэг дээр сууж байсны хувьд энэ хоёрдугаар хувилбарын эсрэг саналаа хэлмээр байна. Хоёрдугаар хувилбар дээр 6 жилийн хугацаатай, тэгээд 3 жилээр ратаци хийх.../кассет дуусав/... дээрээ зөрчилдөх аюулд хүрчхэж болох юм гэдэг үүднээс, нэгдүгээр хувилбар, дээр энэ зөрчил дээрээ гарахгүй байх, доор нийгэмдээ явагдаж байг, тэгээд эндээсээ цэвэр гарч ирэх нь зүйтэй юм. Хоёрдугаар хувилбар дээр төр дээрээ зөрчил гарч магадгүй гэсэн ийм болгоомжлол байсан юм шүү гэдгийг хэлмээр байна.

Н. Сампилноров:- Тэгэхээр энэ хоёрдугаар хувилбар бидний түрүүчийн төслөөр гаргаж ирсэн хувилбар шүү дээ. Нэгдүгээр хувилбар ард түмнээс орж ирлээ, энийг дундажлаад 4 жил болгоод авч байна гэдгийг Төмөрийн ярианаас ойлгож байгаа юм. Хоёрдугаар хувилбарыг дэмжиж байгаа, гэхдээ энэ хоёр хувилбарыг хоёулангий нь АИХ-д оруулмаар байна.

Р. Гончигдорж:- Их хурал дээрээ яг одоо энэ шигээ А, Б хувилбар оруулахад Б дээр бэлэн зүйл байхгүй болчих гээд байгаа юм. Тийм учраас Б хувилбарыг хэрэв сонгосон тохиолдолд тэнд байж болох, Энхсайханы хэлсэн түрүүний зөрчлүүдийг арилгах шинжтэй зохицуулалтыг хийх боломж байгаа юм.


Ц. Элбэгдорж:-Эхний удаа бүх нийтийн сонгууль явуулаад сонгогдсон УИХ-ын гишүүдийг хэсэгчилсэн сонгуулиар 3 жилийн дараагаар, нөгөө 75 хүний чинь 32-ыг яаж солих вэ гэдэг дээр хүндрэл гарах юм шиг байна билээ, шодох барих гээд янз бүрийн юмнууд яригдах юм /37ч юм уу/. Энэ дээр л их бодмоор юм шиг санагдаад байгаа юм. Дараачийн юм бол Засгийн газар нь өөрөө их тогтворгүй болно гэдэг нь ойлгомжтой. Зүгээр энийг хойно нь тийм механизм энэ тэр байдаг бол одоо сонсож болж байна. Үгүй бол Их хурал дээр нэг хувилбартай орох ёстой. Би бол А хувилбарыг дэмжиж байна. Дараа нь бүх нийтийн сонгуульд өрсөлдөөд улиран сонгогдож болно. Иймэрхүү байдлаар заавал ратаци хийдэг байдлаар тэр төрийн бодлогыг хадгалдаг биш, тэр боломжийн мэргэшиж гайгүй ажиллаж байгаа хүмүүсээ дараачийн сонгуульд намууд өрсөлдүүлэх байдлаар хадгалагдаад явах болов уу гэсэн нэг тийм юм надад бодогдоод байгаа юм.

Гү. Лхагважав:- Ратаци хийдэг журмаар явах юм бол, тэр нийгмийн амьдрал дотор гарч ирж байгаа өөрчлөлтүүдийг аль болохоор арай илүү богино хугацаанд тусгаж авах боломжтой гэж бодож байгаа юм. Тэгээд би Б хувилбар дээр ийм өгүүлбэр нэмчихвэл их аятайхан юм болж болдоггүй юм байхдаа гэж бодогдоод байгаа юм. УИХ-ын анхны сонгуульд гишүүдийн хагасыг 3 жилийн хугацаагаар өрсөлдүүлэн сонгуулна гэсэн. Анхных дээрээ шууд, энэ тойрогт бол 3 жилийн хугацаатай кандидатур байна, энэ тойрог дээр 6 жилийн хугацаатай, энэ бол өнөөдөр дэлхийд нэлээн хэрэглэгдэж байгаа тийм вариант л даа. Тэгэхээр эхнийх нь вариантаар 3 жилийн дараа шодож зовлонгоо үзэхгүй болчих юм гэж бодогдож байгаа юм.

Д. Ламжав:- Тэгэхээр Б хувилбарын гол дутагдлыг эрхэм гишүүн Энхсайхан хэллээ. Тэрнээс гарах цорын ганц арга нь бол юу вэ гэхээр хоёр жил тутам Засгийн газрыг өөрчлөхийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй, шаардлага гэвэл. Ийм зүгт явж байгаа гэдгийг сайн ойлгох ёстой байх.

Р. Гончигдорж:- Сэлгэлтийн хэмнэлтээ давтаж, тиймээ.

Д. Ламжав:-За яах вэ нэг нам олонх болчхож болно шүү дээ. Тэгэхээр энэ байдлыг анхнаасаа мэдэж байх нь чухал байна. А хувилбарын ч гэсэн дутагдлыг хүмүүс ярилаа. Энэ бол сэтгэл зовоож байгаа тийм зүйл. Ийм санал байна.


С. Баяр:-Тэгэхээр магадгүй энэ Үндсэн хуулийн нэлээд нарийн асуудал нь энэ 21 дүгээр зүйл юм л даа. Гишүүд А хувилбарыг ярьж байна, Б хувилбарыг ярьж байна. Энэ хоёр хувилбарт аль алинд нь давуу тал бий. Аль алинд нь сул тал бий. Тэр уламжлалыг хадгалдаг, залгамж чанарыг хангаж өгдөг, ер нь тэр хар хайрцгийн бодлого, төрийн бодлого гэдэг юмыг аваад яваад байдаг энэ тэр гэх талууд бүгдээрээ бий л дээ. Тэрийг үгүйсгэхийн арга байхгүй. Гэхдээ би энэ Үндсэн хуулийн төсөлд Бага хурлын гишүүний ч хувьд, энэ комиссын гишүүний хувьд надад хандах нэг тийм шалгуур байгаа юм л даа. Тэр нь юу юм бэ гэхээр энэ Үндсэн хууль маань арав, хорин жилийн дараа үйлчлээд явбал сайн л хэрэг. Гагцхүү өнөө, маргааш энэ бидний даван туулах гэж байгаа энэ айхтар үед юуны түрүүнд л үр ашигтай үйлчлээсэй билээ, гэдэг үүднээс би хувьдаа өөрөө шүүхийг оролддог. Энэ талаас аваад үзэх юм бол 1992 он, 1991 оны сүүлээр бид Үндсэн хуулиа баталчихна, ойрын 3-5 жилд бодоод үзье л дээ. Энэ үед яаж үйлчлэх вэ гэдэг талаас нь хархаар Б хувилбар үнэхээр бас нэг шүүмжлэл дааж чадахгүй тал нь харагдаад байгаа юм. Тэрний нөгөө давуу тал нь ажиллаж чадахгүй, дутагдалтай тал нь илүү бидний улс төрийн амьдралд, улс орны амьдралд нөлөөлчихмөөр юм шиг санагдаж байна. Гишүүд бол ярьж байна л даа. Жишээ нь ратацийн асуудал, 1992 онд бид сонгуулиа явууллаа гэж бодоход 3 жилийн нөхөн сонголт 1995 онд болж таараад байгаа юм л даа. Тэгээд 1995 онд бид 37 гишүүнээ чухам ямар байдлаар, хэнийг нь одоо дахин сонгох вэ гэдэг асуудал явна шүү дээ. Тэрний дараа учир начиртаа ороод явчихна. Тэгээд 1995 онд заавал энэ нь таараад байгаа юм. 1995 онд эдийн засгийн хямрал маань ямаршуу байх билээ дээ. Энэ дээр улс төрийн бодит хямрал бас явна. Энэ дээр бас Үндсэн хуулиараа зохиомол хямралыг нь хийгээд өгчих юм биш байгаа даа. Радаци дээр.


Мөн гишүүн Энхсайхан, Очиржав нар хэлж байна хүчний харьцаа өөрчлөгдвөл
яах вэ, өнөөдөр бид улс төрийн намууд зөвхөн бүрэлдэн тогтож байгаа эхний үедээ явж байна. Цаашдаа энэ үйл явдал бол янз янзын байдлаар явах байх л даа. 1995 он гэхэд улс төрийн намуудын эзлэх байр суурь арай өөр дүр зураг харагдах болов уу ингэж санагдаж байгаа юм. Магадгүй энэ нь ингэж үе үе өөрчлөгдөх байх, тийм учраас 1995 онд улс төрийн ямар нэгэн тааламжгүй нөхцөл байдлыг Үндсэн хуулиараа төлөвлөөд өгчихгүй юмсан, гэдэг үүднээс. Нөгөөтээгүүр Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа гэдэг бол зүгээр нэг хийсвэр зүйл биш байх гэж санагдаж байгаа юм. Бид 1992 онд сонгууль хийгээд 1995 онд хүчний харьцаа өөрчлөгдөөд Засгийн газар яах юм бол 3 хан жил ажиллах, гишүүн Ламжавын хэлж байгаагаар 2 жилээр өгч болж байна гэж байна. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дор хаяад 4-5 жил байхгүй бол болохгүй. Нөгөө хөрөнгө оруулалтын үр ашиг, бодлогын өгөөж гэдэг юм чинь ядаж нэг тийм хугацаанд харагдаж баймаар байгаа юм л даа. Тэгэхээр А хувилбарыг сонгож авах юм бол дутагдалтай талууд бий. Гэхдээ давуу тал нь энэ шилжилтийн айхтар үед юу вэ гэхээр ард түмэн нэг удаа саналаа өглөө, нэг хэсэг бүлэг намууд юм уу, хөдөлгөөнүүд байдаг юм уу, нэг дангаараа нь юманд өгөөд тэр нь парламентаа бүрдүүлчихнэ. Тэр нь Ерөнхийлөгчийг сонгочихно. Парламентаасаа Засгийн газраа сонгочих учраас ямар ч байсан 4 жилийн хугацаанд улс төрийн элдэв юмнууд орж ирээд байхгүй дараагийн сонгуулиар магадгүй тэр Засгийн газар, парламентын үйл ажиллагаа нь ард олонд шүүмжлэгдсэн бол дахин бүрэн юугаараа солигдож байх ийм боломжийг олгох юм болов уу, энд нөгөөх хууль тогтоох бодлого, гүйцэтгэх бодлого, энэ чинь ингээд салаад явчихааргүй, нэгэн юман дээр яваад байх юмаа гэдэг үүднээс л А хувилбар илүү юм уу гэсэн үүднээс ажлын хэсэг энэ хувилбарыг санал болгосон юм. Комисс дээр ярьж байгаад ямар ч байсан энэ хувилбарыг оруулъя. Мөн Б хувилбараас татгалзахгүй байх нь зүйтэй юм. Ямар ч байсан Бага хурал дээрээ сайн ярьж аваад, нэгийг нь сонгож явъя гэдэг дээр санал нэгтэй байгаа. Бага хурлаас ерөөсөө нэгдсэн нэг ойлголттой юм оруулах хэрэгтэй байх гэж бодож байна.


Р. Гончигдорж:- Завсарлага дууссан. Ингээд хуралдааныхаа ажлыг үргэлжлүүлье.

Р. Хатанбаатар:-Би А хувилбарын тухай ганц нэг юм хэлье. А хувилбараар 4 жил болоод манайд парламент, Засгийн газар, Ерөнхийлөгч бүх юм явна. Бүгд цоо шинээр бий болно. Өөрөөр хэлбэл 4 жил тутам бүх юм нэг удаа таслагдаж байна гэсэн үг болно. Энэ бол аюултай. Тухайлбал, одоо, хар жишээгээр ярья л даа. Энд сууж байгаа 4 нам байхад 2 нам нь 2 жил хүрэхгүй хугацаан дотор л үзэл баримтлалаа 2-3 удаа өөрчилсөн байх жишээтэй. Ийм байгаа тохиолдолд 4 жил болоод энийг давтаад байна гэдэг бол бүр их аюултай. Одоогийн нөхцөл байдлаар яв цав гарахаа больё, өнөөгийн нөхцөлөөс харахад УБХ-ыг хэн чанга шүүмжилсэн нь дараа нь гарч ирнэ, хэн чанга дуугаар, хэн ихээр аргадав тэр дараа гарч ирнэ. Өөрөөр хэлбэл бид 4 жил капитализм байгуулж яваад, дараагийн 4 жилд нь социализм байгуулаад эхэлнэ. Бидний энэ юм бол дандаа ингэж эрс өөрчлөгдөж байх ийм аюулд хүрнэ гэсэн үг болно. Яг энэ 4 жилийнхээ хугацаанд энэ бол дархлагдсан байдалтай байна. Энэ хооронд бол тухайн парламент юу ч хийж магадгүй, нэг талаас. Ингэхээр А хувилбар дээр хэлэх юм бол энэ байна. Б хувилбарын хувьд зөрчилтэй зүйл бий. Энэ зөрчлийг арилгахад тийм хэцүү биш.. Арилгаж болно. Хэсэгчилсэн сонгуулийг явуулахад болохгүй юм ерөөсөө байхгүй. Жишээлбэл АНУ 2 жил тутамд хэсэгчилсэн сонгууль явуулдаг. Бүх нутаг дэвсгэрийн гуравны нэгийг хамарсан ийм тойргоор. Радацийн хувьд үнэхээр эхний хувьд бэрхшээл гарна байх. Гэхдээ энэ бол нэг удаагийн юм. Энийг бид анхнаасаа хуулиар зохицуулсан тохиолдолд энэ бол бэрхшээл болохгүй ийм саналтай байна.


Д. Ганболд:-Радаци маань өөрөө түрүүн Энхсайхан ч хэлсэн, Баяр ч хэлсэн, тэр тогтворгүй байдал нэлээд бий болгох, манай өнөөдрийн байдал байж байгаа байдал маань яавч шилжилтийнх, энэ байдлыг бид нэг хэсэг цааш хийж чадахгүй. Энэ үед төрийн өөрийнх нь байгууллага, тогтвор суурьшилтай байх асуудал зайлшгүй тавигдаж байгаа. Бид ч гэсэн энийг өөрийнхөө амьдралаар мэдэж байна. Засгийн газарт солих шаардлагатай хүн байна уу гэвэл байгаа. Амьдрал дээр ийм асуудлууд маш их гарч байна. Шилжилтийн үед тогтворгүй байх байдал зайлшгүй гарч ирэх ёстой бодит шалтгаан бол бий. Энэ үйл явдлыг бид хаагуурч тойрч гарахгүй учраас аль болох тодорхой хугацаанд төрийн дээд байгууллага маань ялангуяа хууль тогтоох байгууллага маань ямар нэг хугацаагаар тогтвортой, энэ нь хуулиар хамгаалагдсан ийм байдалтай байх нь бол зүйтэй гэсэн ойлголтой байна. Манайх шиг улсад ганц танхимтай ийм парламент яригдаж байгаа нөхцөлд радацигүй байвал яасан юм бэ, радацитай байх асуудал намуудын өөрийнх нь эрх мэдэлд радаци хийх, уламжлалаа авч үлдэх шаардлагатай бол тэнд бас бүрэн хаагаагүй гэдийг ойлгох ёстой. Ингээд А хувилбар манай, өнөөдрийн байж байгаа суурин дээр явах бололцоотой юм уу гэсэн саналтай байна.


Б. Чимид:-Комиссын чиглэл дээр ярихад 3 концепци байна л даа. Энийг л нэг болгож гаргах ёстой. Нэг танхимтай, байнга, тогтмол өөрөө шинэчлэгдэж байх бололцоотой, залгамжлах нь эргэлзээтэй ийм нэг парламент. Нэг танхимтай бөгөөд шинэчлэх, залгамжлах хоёрыг хослуулж байх бололцоотой ийм нэг парламент. Мөн ийм бололцоотой хоёр танхимтай, ийм 3 янзын санал дээр ярьж байна. Цаашдаа ч яригдах байх. Би зүгээр намуудаас ирсэн саналыг судалсны хувьд л хэлж байгаа юм. Тийм учраас одоо хоёр болгоод ярьж байна. Хоёр нь нэг танхимтай, радацитай, радацигүйгээрээ ялгаатай байна. Парламентын гишүүний сонгуулийн хугацаа 6 жил байх, 2 ээлжээр сонгож байх тухай ярьж байгаа хэрэг л дээ. Энэ нөхцөлд Засгийн газрын тухай асуудал бий. Засгийн газар, парламент 2-ын хооронд хямрал гарна гэж болгоомжилж байгааг судалж үзэх ёстой боловч, парламент ёстой орнуудад Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа ерөөсөө байдаггүй.

Манайд бүрэн эрхийн хугацаагүй учраас маргааш нь аваад хаячхаж магадгүй гэдгийн үүднээс нэг тийм 4 жил гэж тавьсан юм. Тэрнээс биш Засгийн газар парламентынхаа шийдвэрийг биелүүлээд байж байгаа бол түүний бүрэлдэхүүн шинэчлэгдэхээс хамаарахгүйгээр оршиж л байдаг зүйл. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа тавихгүй байж болно. Бид яагаад тавьсан юм бэ гэвэл нэгдүгээрт уламжлал харсан, 2 дугаарт ерөөсөө хугацаагүй юм гээд бужигнуулаад байх юм болов уу гэсэн нэг ийм болгоомжлол байна. Энийг нуухын хэрэггүй гэж бодож байна. Хэрэв хугацаа тавихгүй бол Засгийн газар ерөөсөө 3 жилийн хугацаатай гэж ойлгоно. Сонгуулийг 3 жилд нэг удаа явна гэж ойлгоно. Тэгэхээр бид 4 жилийн хугацаанд 1 удаа сонгууль явуулах уу, 3 жилийн хугацаанд 1 удаа сонгууль явуулах уу гэдгийг яриад байгаа хэрэг. Ганц жилийн зөрүүтэй 2 хувилбар дээр ярьж байна гэсэн үг.


Миний бодоход ганц жилийн зөрөө бол их ач холбогдол байхгүй гэж бодож байна. Харин залгамжлагдах уу, шинэчлэгдэх үү гэдэг 2-ыг зөв хослуулах нь илүү ач холбогдолтой гэж бодсон юм. Тэрнээс сонгууль энэ жил, хойтон явах 2 бол чанар нэг зүйл. Нэг жилийн зөрөөний асуудал. За нэг ийм юм хэлмээр байна. Хоёрдугаарт, хэрэв шинэчлэгддэг, тал нь шинэчлэгддэг 6 жилд 1 удаа бүрэн эргэдэг ийм парламент болгоно гэж үзвэл парламентын гишүүний 50 хувь нь шинэчлэгдсэний дараагаар, өөрөөр хэлбэл сонгууль явсны дараагаар тэр 50 хувиас Засгийн газар өмнө сонгогдсон Ерөнхийлөгч хоёрт итгэх эсэх асуудлыг санал хурааж олонхын журмаар шийдэж болох байх. 37 хүний санал аваад 50 хувь нь зөвшөөрөхгүй байвал хуучин 37-той нь нийлүүлж санал хураагаад олонхын саналаар болох ийм бололцоотой. Ер нь сонгууль ба намын хүчний харилцаа өөрчлөгдөнө. Бид олон намын системийг зөвшөөрч байгаа бол 1 нам тэнд ноёрхож байх ёстой гэсэн үзлийг баримталж болохгүй. Тийм учраас сонгууль бүрээр эсвэл 3 жил бидний төлөвлөснөөр, эсвэл 4 жилийн хугацаанд сонгууль бүрээр намуудын байр суурь өөрчлөгдөнө, парламентад. Тэгэхдээ 1 нам тогтвортой, хэдэн жилээр дараалан давамгайлж болох талтай. Жишээлбэл өнөөдөр японы парламентын дээд танхимын сонгуулиар радаци хийгээд, эрх барьж байгаа нам олонхын санал аваагүй учраас энд Засгийн газар огцрохоо мэдэгдчихээд байж байна. Тэгэхээр энэ 1 жилийн зөрөөний асуудал гэдгийг бас логикийн үүднээс бодож авч үзвэл зүгээр байна. Энэнээс гадна 1 ийм /намын удирдагч, төлөөлөгч нар байгаа учраас/ энэ асуудлыг үндэсний эрх ашгийн үүднээс намын шугамаар хоорондоо хэлэлцэж, дундын вариант гаргаж ирэх арга байхгүй юу? Тэгэхгүй бол Их хурал дээр ингээд 3 янзын юм орж ирнэ, нэгэнт улс төрийн хүчнүүд парламентад тодорхой суудал эзэлж байгаа учраас. Бас нэг төвдөө ойлголцсон ойлголт байж болох ёстой. Их хурлын хуралдааны дэгийн төслийг бид гаргасан. Тэрэн дээр зарим тодорхой асуудал дээр намын бүлгийн ахлагч нар зөвлөлдөж дундаасаа хүн дэвшүүлэх зэргийн ийм асуудал нэгэнт ярина.Тийм учраас одоо бас намын бүлгүүд гэдэг юм уу, намын байгууллагууд харилцан зөвлөлдөж 1 вариант гаргаж ирэх арга байхгүй юу? Ингээд 3 тийшээ зүтгээд байвал энэ бол хэдэн жил ч ярьж болохоор ийм асуудал гэсэн ийм нэг хүсэлт тавих гэсэн юм.


Р. Гончигдорж:-За саяын А, Б гэсэн хувилбар дээр ярьж байхад зарим асуудал гарч ирлээ л дээ. Энэ бол сонгуулийн хуультай холбогдсон, хэрхэн эдгээр байгууллага, түүний гишүүд сонгогдох вэ гэдэг асуудал дээр санал гарч ирлээ. Тэгээд А, Б хувилбараа сонгочхоод дараачаар нь түүнийхээ хүрээн дотор сонгуулийнхаа механизмыг яривал зүйтэй юм уу даа гэсэн ийм бодолтой байна. За А хувилбарыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя. А хувилбар дээр 6 гишүүн түдгэлзсэн байна. За Б хувилбарыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя., Б хувилбар дээр 5 гишүүн түдгэлзсэн байна. Түдгэлзсэн гишүүдээс санал хэлье.

Н. Жанцан:- Санал хураасан явцад энэ хүмүүсийн гаргасан санал, өмнө нь УБХ дээр хэлэлцүүлж байсан саналуудыг харгалзаж ер нь ажлын комисс 1 танхимтай, 2 танхимтай байх хувилбарыг хоёуланг нь хийж оруулах ёстой байсан юм. Гэтэл одоо 1 танхимтай хувилбар хийгээд, 1 танхимаа дотор нь задалсан. Тэгэхдээ энэ нь бас тийм гүйцэд боловсронгуй болж чадаагүй ийм төсөл байсан гэж бодож байна. Би бол ийм агуулгатай түдгэлзээд байгаа. Их хурал дээр 2 танхимтай асуудал нэлээн яригдана. Ийм маргаантай үед ажлын комисс олон улсын практикт зэрэгцсэн 2 танхим гэж байдаг, мөн шаталсан 2 танхим гэж байдаг. Энийг судалж аль нь илүү монголд тохиромжтой вэ гэдгийг бас авч үзэх ёстой байсан юм. Ингэж толилуулахгүй, зөвхөн одоо үзэл бодлоо тулгах хандлагатай ингэж явбал хуулийн төсөл батлагдах асуудалд нэлээн их төвөг учирч болзошгүй гэдгийг бид анхаарах ёстой. Энийг бид сөхөж авч үзэх ёстой.

Р. Гончигдорж:- А, Б хувилбар дээрээ санал хураахдаа тус тусад нь Их хурал, Засгийн газар, Их хурал руугаа засгийн газар гэсэн хослолтойгоор Тэрнийг нь бүрэн эрхийн хугацаатай нь холбогдуулан авч үзье. Засгийн газар Их хурал хоёрын хооронд эмзэглэл үүсээд байгаа шүү дээ Өөрөөр хэлбэл сэлгээ хийх болгонд Засгийн газарт итгэх итгэлийн тухай асуудлыг парламент дээр заавал ярьдаг. Загийн газрыг бүрэн эрхийн хугацаатай байна гэж үзвэл 1 гишүүний сүүлийн хэмжээ нь 6 жилийн хугацаатайгаар, 3 жилээр бол засгийн газарт итгэх эсэх тухай ярьдаг, Б хувилбарын Засгийн газар Их хурал ийм хослолтой байх. Нөгөө нь маргаан байхгүй. Загийн газар 4 жилийн бүрэн эрхтэй, Их хурал 4 жилийн бүрэн эрхтэй. Энэ үед завсар нь огцорсон засгийн газрыг уламжилж авсан засгийн газар бол түрүүний засгийн газрын хувилбар ийм байдлаар байна гэж ойлгох нь. Ингээд дахин хураах уу? Засгийн газар 4 жилийн бүрэн эрхийн хугацаатай, Их хурал 4 жилийн бүрэн эрхийн хугацаатай. А хувилбарыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 21,
  • татгалзсан 14,
  • түдгэлзсэн 8, бүгд 43 байна.

Засгийн газрын бүрэн эрх нь 3 нэмэх 3, Их хурал гишүүд нь 6 жилийн хугацаатай Их хурал бүрэн эрхийн хугацаагүй 3 жил бүр талын сэлгэлттэй байх Б хувилбарыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 25,
  • татгалзсан 12,
  • түдгэлзсэн 6, бүгд 43 байна. Ингээд олонхын дэмжлэг авлаа гэжээ.

Үргэлжлэл бий.                                                                                     Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж

Холбоотой мэдээ