ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ: К.Наурызгажы: “Өлгий эко хүнс” брэнд гаргахыг зорьж байна

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-09-21 11:54:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Хүнсний хувьсгал" цувралын хүрээнд бид энэ удаад Баян-Өлгий аймгийн хүнсний үйлдвэрлэлийн салбарын товч түүх, өнөөгийн нөхцөл байдал болон орон нутагт гарч байгаа шинэлэг санаачилгуудаас жишээ болгон танилцуулж байна. 


Баян-Өлгий аймгийн хүнсний үйлдвэрлэлийн товч түүх

Нийгмийн хөгжлийн аль ч үед хүн амын хүнсний хангамжийн асуудал анхаарлыг төвд байсаар байна. Ялангуяа гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг дотоодоосоо хангахыг үе үеийн төр засаг чухалчилж ирсэн түүхтэй. Жишээлбэл, төр засгаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Баян-Өлгий аймгийн хурлаас  1942 оны 6 дугаар сарын 4-ний өдөр "Хүнсний комбинат" байгуулах шийдвэр гаргаж, өмнө нь хоршоодын харьяанд байсан сүү, цөцгийн тосны заводуудыг Хүнсний комбинатад харьяалуулсан байна. Хүнсний комбинатын анхны даргаар Т.Сүжигтийг томилж, талх, саван, гуанз, мах, сүүний болон өөлөн, тоосгоны гэсэн тасагтай, 9 ажилтантайгаар үйл ажиллагааг нь эхлүүлж байжээ. Дайны жилүүдэд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, онцгой үүрэг гүйцэтгэж байв. Цаашид олон салбартай болон өргөжиж, 1945 оноос сеператор ажиллуулан шар тос, шар айраг, улмаар архи, ундаа, гоймон, еэвэн, чихэр, мөхөөлдөс, лаазалсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх түвшинд хүрсэн байна.  Тус комбинат нь 1986 онд тухайн үеийн ханшаар 4 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ.


Хүнсний комбинат нь зах зээлийн нийгэмд шилжилтийн үед буюу 1992 хувцаат компани болон өөрчлөн байгуулагдаж, дараа нь хувьчлагдсан байна.


Төр засгаас баримталж буй хүн амын хүнсний хангамжийг сайжруулах бодлогын хүрээнд 1961 оны 5 дугаар сард Баяннуур сумын төвд хүнсний ногоо, сүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Баяннуур" нэртэй сангийн аж ахуй байгуулж, даргаар нь Т.Бодаубайг томилжээ.


Тус сангийн аж ахуй нь мал аж ахуйн 3 ферм, 115 мал аж ахуйн суурьтай, тариа ногооны бригад нь 50 гаруй мэргэжлийн ажиллагсадтай, барилга техникийн тусгай бригадтай болж, жилийн борлуулатлын орлогын хэмжээ нь 1990-ээд оны эхээр 2,8 сая төгрөгт хүрч байжээ. Нийтдээ 220-260 га газарт төмс, хүнсний ногоо, малын тэжээл тариалснаас 1000 орчим тонн ургац хураан авч, аймгийн ард иргэдийн төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангаж байсан аж.


Баян-Өлгий аймгийн хүнсний хангамжийн өнөөгийн

нөхцөл байдал

Эдүгээ Баян-Өлгий аймаг нь 2,4 сая толгой малтай. Жилд 1272 тонн малын мах, 181,2 мянган литр сүү үйлдвэрлэж, хүн амын хүнсний хэрэгцээт махыг 100 хувь, сүүний бэлтгэлийг 83 хувиар тус тус дотооддоо хангаж байна.


Аймгийн хэмжээнд сүүний болон мах-сүүний үхрийн 15, гүүний 7, ингэний 4, зөгийний 1, нийтдээ 30 орчим эрчимжсэн мал аж ахуйн фермер байдаг.


Түүнээс гадна сүүлийн жилүүдэд хүнсний жижиг үйлдвэрүүд тодорхой хэмжээгээр байгуулагдан хөгжиж байна. Тухайлбал одоо талх нарийн боовны 49, хиам, вакумдсан каз, бууз, банш болон бусад төрлийн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 13, сүү, сүүн бүтээгдэхүүний 11, хэрчсэн гурилын 9 үйлдвэр, жимс, жимсгэнэ боловсруулах 1, хүнсний ногоо боловсруулах 1, төрөл бүрийн ундаа үйлдвэрлэх 3 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг.


Баян-Өлгий аймгийн тариачид 2022 онд 330 га-д төмс, 152,5 га-д хүнсний ногоо, 106 га-д жимс, жимсгэнэ тариалсан. Үүнээс урьдчилсан тооцоогоор 4160,3 тонн төмс, 1874 тонн хүнсний ногоо, 125 тонн жимс жимсгэнэ хураан авна. Хураан авах ургацаар тооцоход хүн амын төмсний хэрэгцээний 83, хүнсний ногооны хэрэгцээний 18, жимс, жимсгэнийн 1,5 хувийг дотооддоо хангах юм.


Тус аймагт сүүлийн жилүүдэд хүлэмжийн аж ахуй эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэж, хүн амын тодорхой хэсгийг чанартай, шинэ хүнсээр хангаж эхлээд байгаа. Тухайлбал, "Алтын сапа" компани 1000 мкв талбайтай өвлийн хүлэмж, "Өлгий эко хүнс" хоршоо 600 мкв талбайтай зуны хүлэмж байгуулан ажиллуулж байна. Хүлэмжийн аж ахуйн хөгжлийг дагаж орон нутагт шинэ санаачилгууд гарч, туршилтууд хийгдэж байна. Тухайлбал, "Алтан сапа" компани хүлэмждээ жилийн турш гүзээлзгэнэ тариалж зах зээлд борлуулж байгаа бол, "Өлгий эко хүнс" хоршоо Баян-Өлгий аймгийн хөрсөнд Турк Улсаас гаралтай хэд хэдэн сортын амтат гуа, тарвас тариалж амжилттай ургуулаад байна.


Бид энэ удаад "Өлгий эко хүнс" хоршооны эрхэлж буй үйл ажиллагааг онцолж байна. 


К.Наурызгажы: “Өлгий эко хүнс” нэртэй брэнд гаргахыг зорьж байна

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн Кенжеханы Нарызгажыгийн удирдсан "Өлгий эко хүнс" хоршоо энэ жилээс тус аймгийн төвд амтат гуа, тарвас тариалж байна. Түүний хувьд 2013 онд Бүгд Найрамдах Турк Улсын Истанбулын их сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн. Их сургуулиа төгссөний дараа Улаанбаатар хотод хувийн компаниудад ажиллаж байгаад орон нутагт ирсэн байна. 2019 онд Өлгий сумын хэсэг иргэдтэй хамтарч "Өлгий эко хүнс" хоршоог үүсгэн байгуулжээ. Улмаар Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг буюу ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн газарт төсөл бичиж, хүлэмж байгуулах санхүүжилт босгож чадсан байна.


ТИКА-гаас "Өлгий эко хүнс" хоршоонд тус бүр нь 120 мкв талбайтай 5 хүлэмж байгуулж өгчээ. Хүлэмжийн усжуулалт, хашаа хамгаалалт, хөрс, бордоо бэлдэх, үрслэгээний байшин барих зэрэг бусад зардлуудыг хоршооны гишүүд өөрсдөө гаргасан байна. Хүлэмж байгуулагдсан цагаас төрөл бүрийн хүнсний ногоо, нарийн ногоо тарьж хоршооны гишүүдийн хэрэгцээнээс илүү гарсныг нь борлуулж эхэлсэн аж.


М.Кенжеханы удирдсан "Өлгий эко хүнс" хоршоо энэ жил амтат гуа, тарвас тариалах туршилтыг орон нутагт амжилттай хийв. Тэрбээр өнгөрсөн 6 дугаар сард 2 хүлэмжид /240 мкв/ Турк Улсаас Баян-Өлгий аймгийн цаг уур, хөрсөнд тохирохуйц тарвас, амтат гуаны үрийг сонгон авч ирж тариалжээ. Мөн орон нутгийн иргэдэд тарвас, амтат гуаны үрсэлгээг үнэгүй олгосон байна. Тэдний туршилт амжилттай болж, тарьсан тарвасууд нь 8 кг хүртэл томорчээ. Шинийг санаачилж Өлгийн хөрсөнд тарвас, амтат гуа тариалж болдог гэдгийг нотлон харуулсан иргэн К.Наурызгажытай цөөн хором ярилцлаа.


-Ярилцлагынхаа эхэнд манай уншигчдад хоршооныхоо талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Хоршоо маань 2019 онд үүсгэн байгуулагдсан, 9 хүний бүрэлдэхүүнтэй. 2020 онд ТИКА-гийн төслөөр 5 хүлэмжээ бариад төрөл бүрийн хүнсний ногоо тариалах ажил эрхэлж байна. Өнгөрсөн онд бид 15 төрлийн хүнсний ногоо тарьж туршсан. Шинэлэг зүйлүүд юу вэ гэхээр хаш, хулуу, амтат чинжүү, халуун чинжүү тарьж орон нутгийн зах зээлд амжилттай борлуулсан байгаа. Харин энэ жил тарвас, амтат гуа, хаш тарьж ургуулаад байна.


-Хүлэмжийн аж ахуй эрхлэх санаа хаанаас яаж төрөв?

-Манай улсад одоо ихэнх хүнсний бүтээгдэхүүнийг импортоор авч байгаа шүү дээ. Харин Баян-Өлгий аймгийн хувьд эрс тэс уур амьсгалтай тул хүлэмжид хүнсний ногоо тариална гэхээс биш гадаа тариалалт хийх хэцүү байдаг. Үүнтэй холбогдуулан төмснөөс бусад хүнсний ногоогоо импортоор хангадаг. Тийм учраас эхлээд хоршооны гишүүдээ, дараа нь бусад иргэдийг экологийн цэвэр хүнсээр хангах юмсан гэсэн бодол тээж явсан. Тэр зорилгынхоо хүрээнд энэ ажлыг эхлүүлсэн байгаа.


-Одоо байгаа хүлэмжүүдийнхээ хүчин чадал, онцлогийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Одоогоор 6х20 метрийн хэмжээ бүхий 120 м.кв талбайтай 6 хүлэмжтэй. Нийлээд 600 м.кв талбайтай гэсэн үг. Энэ жил 5 хүлэмжээ зэрэг ашиглаж байгаа. Дараа жилээс хашаандаа гадаа тарьж болохоор байцаа, төмс, лууван гэх мэт хүнсний ногоо нэмж тариалахаар төлөвлөж байна. Харин хүлэмжийндээ нарийн ногоо тарих юм.


-Танай хүлэмжүүдийг хэдээс хэдэн сарын хооронд ашиглах боломжтой вэ?

-Зуны хүлэмж учраас 4 дүгээр сараас үрсэлгээгээ хийж эхэлдэг. Манай оронд 5 дугаар сарын сүүлээр эрс хүйтэрдэг учир тэр хүйтнийг өнгөрөөгөөд үрсэлгээгээ 6 дугаар сарын эхээр хүлэмждээ суулгадаг. Ургац хураах үйл ажиллагаа 9 дүгээр сарын дундуур дуусдаг юм.


-Хүнсний ногоон тариалах хүмүүсийн хувьд чанартай үр олох нь тулгамдсан асуудлуудын нэг байдаг. Танайх энэ асуудлаа яаж шийдвэрлэж байна? 

-Улаанбаатар хотоос захиалж авдаг. Мөн орон нутгийн уур амьсгал, хөрсөд тохирох үрийн талаар судалгаа хийсний үндсэнд Турк Улсаас үр татаж байгаа. Өнгөрсөн жил дандаа Орос, Герман гаралтай үр тарьсан бол энэ жил нийт талбайныхаа 80 хувьд нь Турк Улсаас ирсэн үр тарьсан.


-Танай хоршооны үйл ажиллагааг улсаас, орон нутгийн удирдлага, бодлого хариуцсан байгууллагууд хэрхэн дэмжиж ажиллаж байна?

-Хоршоо маань анх байгуулагдаж үйл ажиллагаагаа танилцуулах үеэр Сум хөгжүүлэх сангаас эргэн төлөх нөхцөлөөр 5 сая төгрөгийн санхүүжилт авч байлаа. Бусад зардлуудаа өөрсдийнхөө хүчин зүтгэл, Олон улсын байгууллагын дэмжлэгээр шийдвэрлэж байна. Бид эхний ээлжид өөрсдийнхөө боломж бололцоогоор Өлгийн хөрсөнд нарийн ногоо тарьж үзье. Энэ ажил маань сайн явах юм бол үйл ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс холбогдох байгууллагуудаас дэмжлэг хүсье гэсэн бодолтой байгаа. Энэ жил тарвас, амтат гуа, хулуу, өргөст хэмх, улаан лооль, яншуй, бууцай, байцаа, чинжүү, салаатын навч зэрэг 15 төрлийн хүнсний ногоо тарьж ажил маань амжилттай явж байна.

 

-Танай үйл ажиллагаанд тулгарч байгаа хамгийн том бэрхшээл юу вэ?

-Хамгийн том тулгамдсан асуудал бол тарьсан нарийн ногоогоо хадгалах асуудал байгаа. Бид хүнсний ногоо тариалахад ямар ч химийн бордоо ашигладаггүй. Бууц л хийдэг. Харин экологийн цэвэр органик бүтээгдэхүүн хурдан мууддаг тул ердийн нөхцөлд 2-3 хоног л хадгалах боломжтой. Тийм учраас энэ асуудалд шийдэл олох хэрэгтэй байна.


Төр засаг бодлогоор дэмжиж нарийн ногоо тариалагчдыг стандартын шаардлага хангасан зоорьтой болговол бидний үйл ажиллагаанд маш том дэмжлэг болох юм. Түүнээс гадна бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд хөрөнгө мөнгөний асуудал яригдана. Нутгийн цаг уурын онцлогт тохирсон үрээр хангах нь бас чухал ач холбогдолтой. Бид одоо нарийн ногоогоо хадгалах байргүйн улмаас захын худалдаачдад хямд үнээр нийлүүлдэг. Тэд үнээ нэмж иргэдэд дамнан борлуулдаг. Орон нутгийн удирдлагаас 7 хоног бүр үзэсгэлэн худалдаа хэлбэрээр бүтээгдэхүүнээ борлуулах боломж гаргаж өгвөл бидэнд ч, иргэдэд ч ашигтай байх байлаа.  


-Танай хоршооны хэтийн зорилго юу вэ?

-Манай хэтийн зорилго бол Өлгий нутгийн экологийн цэвэр брэнд бүтээгдэхүүн бий болгох юм. Тухайлбал, энэ жил бид өргөст хэмхийн 3 сортыг, чинжүүний 3 сортыг тарьсан. Нэг нэр төрлийн хүнсний ногооны 2-3 сортыг тарьж туршиж, амжилттай болох юм бол брэнджүүлэх зорилготой.


Дэлгүүрүүдийн лангууд «Өлгийн эко хүнс» нэртэй брэнд гаргахыг зорьж байна.  


-Энэ жил тарвас, амтат гуа тарих туршилт амжилттай болсон байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Баян-Өлгий аймаг тарвас, амтат гуаг өнөөдрийг хүртэл хөрш зэргэлдээ Ховд аймаг, Орос, Казахстан улсуудаас татан авч хэрэглэж ирсэн. Харин үүнийг Өлгийд ямар ч химийн бордоо хэрэглэхгүйгээр тарьж ургуулж болдог юм байна гэдэг сэдлийг нутгийн иргэдэд өгч ажиллаж байна. Цаашид бусад хүмүүс ч тариалж эхлэх байх. Манай аймгийн хувьд зуны улиралд өдөр нь халуун, шөнө нь хүйтэн байдаг. Аливаа ургамал шөнөдөө сайн ургадаг. Тийм учраас манай нөхцөлд тарвас, амтат гуаг хүлэмж дотор л тариалах боломжтой. 


-Таны тарьсан тарвас бусад газруудын тарвасуудаас юугаараа онцлогтой вэ?

-Тарвасыг хол газар машинаар тээвэрлэх үеэр хагарах асуудал байдаг. Тийм учраас тариачид зузаан хальстай, тээвэрлэлт даадаг сортыг голчлон тарьдаг юм. Бидний хувьд орон нутагтаа борлуулдаг учраас хол газар тээвэрлэх шаардлагагүй. Иймээс бид нимгэн хальстай сортыг сонгон тарьж байна. Хальс нь нимгэн тарвас шүүслэг, амттай байдаг.  























Холбоотой мэдээ