Нийслэлд зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо 10 жилд 50 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-09-05 15:56:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд бүртгэлтэй авто машины тоо одоогоор 1,122,644 байгаагийн 57 хувь буюу 642,315 нь нийслэлд бүртгэлтэй байна.


Гэтэл оношилгоонд орж буй машины тоо 351,038 буюу бүртгэлтэй машины 55 хувиас хэтрэхгүй байгаа аж. Түүнчлэн өнгөрсөн онд 625 мянган зөрчлийн дагуу цахимаар торгууль ногдуулсан бол энэ оны эхний 8 сард 560 мянган зөрчилд торгууль ногдуулаад байна. Торгуулиа төлөх нь чамлалттай байгаг мэргэжлийн байгууллагынхан мэдээлэв. Иймд Улаанбаатар хотод авто машины бүртгэлийг төгөлдөржүүлж, татвар, оношилгоотой уялдуулах шаардлагатайг Нийслэлийн Засаг дарга шуурхай зөвлөгөөний үеэр тэмдэглэв.


Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адьяасүрэн ярихдаа, “Дугаарын хязгаарлалт эхэлсэн бямба гарагт хамгийн олон буюу 283 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон бол бусад өдөр 237-273 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөний эрчим 30 гаруй хувиар багассан. Өнгөрсөн оны 9 дүгээр сарын 1-нд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хурд 7-9 км/ц байсан бол энэ жил 15-20 км/ц байлаа. Дугаарын хязгаарлалтад багтсан замын нийт урт 1350 км. Машиныг тоог давхцуулахгүй тооцоход Улаанбаатарт өнөөдөр 642,315 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Энэ нь 2011-2012 онд зорчиж байсан автомашины тоо 50 хувиар, өнгөрсөн оныхоос 5 хувиар нэмэгдсэн” хэмээв.


Цаашид тээврийн хэрэгслийн бүртгэлийг тодорхой болгох, дугаарын хязгаарлалтыг оновчтой хийх, дугуй, скүүтер, мопед зэрэг хэрэгслээр зорчихыг дэмжих, нийтийн тээврийг хүртээмжтэй болгох, хязгаарлалтын бүсэд зөрчилтэй тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байх, тус бүс дэх авто зогсоолыг төлбөртэй болгох, цахим хяналтыг нэмэх, тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн уулзварыг хоёр түвшинд шилжүүлж, хөдөлгөөн зорчилтыг нэмэх саналыг иргэд болон мэргэжлийн байгууллагаас гаргажээ.


Хөдөө, орон нутгийн 100 гаруй мянган иргэн тээврийн хэрэгслээ Улаанбаатарт бүртгүүлсэн байх магадлалтайн дээр дугаарын хязгаарлалт үйлчлэх хугацааг үдшийн 20.00 цагаар тогтоосон нь оновчтой биш гэдгийг судалгаагаар гаргасан байна. Учир нь 20.00 цагт хөдөлгөөн сийрэг болохгүй байгаа нь энэ удаагийн дугаарын хязгаарлалтын үеэр батлагдсаныг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлэв. 

Холбоотой мэдээ