ЗАВХАН: Эрдэнэхайрхан сумын сургуулийн барилгыг энэ онд ашиглалтад өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт баригдаж буй сургуулийн хичээлийн болон дотуур байрны барилгын ажлын явцын талаарх мэдээллийг аймгийн ГХБХБГ-аас өглөө.
-“Эрдэнэхайрхан суманд улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа 240 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил 50 гаруй хувьтай байна. Улсын төсвийн 2.528.5 сая төгрөгөөр барьж буй хичээлийн байрны барилга угсралтын ажлыг “РСТ" ХХК гүйцэтгэж байна. Харин барилгын зураг төсвийг "Бат-Инспараинг" ХХК хийсэн.
Өнөөдрийн байдлаар барилгын суурь, өрлөг цутгалтын ажлуудыг бүрэн хийсэн. Тухайлбал, хоёрдугаар давхрын гадна, дотор ханын өрлөг, цутгамал төмөр бетон хучилтын ажлыг хийж дууссан. Барилгын дотор ханын шавар, хавтгай дээврийн ажлыг хийж байна. Ажлын явц 50 гаруй хувьтай байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээ хийж барилгын ажил эхэлсэн. Энэ оны 12-р сарын 31-ний өдөр барилгын ажил бүрэн дуусч хүлээлгэн өгөх юм” гэв.
Ташрамд Эрдэнэхайрхан сумын ерөнхий боловсролын сургуульд 160 гаруй хүүхэд суралцдаг. Сургуулийн хуучин барилга нь 60 гаруй жил болсон. Жил бүр засвар хийдэг ч хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдаг байна.
Сургуулийн дотуур байрны барилгын ажил 50 хувьтай байна
Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн дотуур байрны барилгын ажил мөн 50 гаруй хувьтай байна.
Сургуулийн дотуур байрны барилгын ажлыг “Аз-Өрнөх" ХХК гүйцэтгэж буй. Улсын төсвийн 2.7 тэрбум төгрөгийн өртгөөр барьж буй тус барилгын ажил 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлж, энэ оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусч хүлээлгэн өгөх юм. Өнөөдрийн байдлаар дотуур байрны хоёрдугаар давхрын гадна, дотор ханын өрлөг, цутгамал төмөр бетон хучилтын ажлыг бүрэн хийж дууссан байна гэж аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас тус тус мэдээлэв.