Олон улсын хэмжээний хамтарсан уран бүтээл туурвих талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-09-17 16:52:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын сайд Ч.Номингийн урилгаар “CNN”, “Netflix”, “HBO”, “Warner Bros”, “Paramount Pictures”, “MTV”, “Discovery”, “National Geography”, “Living films”  зэрэг  дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн студи, продакшний “Fam-tour 2022″-ийн төлөөлөгчид энэ сарын 14-19-нд  Монгол Улсад ажиллаж байна.


Энэ хүрээнд Соёлын яам, Гадаад харилцааны яам, Кино урлагийн зөвлөл хамтран ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд хэлэлцүүлэг зохион байгуулав.


Хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсын Кино урлагийг дэмжих тухай хууль, эрх зүйн таатай орчин тухайлбал, татварын буцаан олголт, урамшууллын талаар танилцуулж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн  бодлого, хамтын ажиллагааны тухай мэдээлэл өгч, хамтарсан уран бүтээлийн тодорхой төсөл хөтөлбөрийн талаар ярилцав.


Энэ нь Монгол орны үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоц бүхий газар нутагт зураг авалт хийх, Монголын уран бүтээлчдийг дэлхийн тавцанд гаргах, олон улсын хэмжээний хамтарсан уран бүтээл туурвих, Монгол Улсыг гадаадад сурталчлахад чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болов.

Холбоотой мэдээ