Г.Ганбаяр: Цаашид цахим боловсролыг хууль эрх зүйн орчинд хүлээн зөвшөөрнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-09-21 16:11:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Цахим харилцаа холбоо хөгжлийн яам Мета грүптэй хамтын ажиллагааны хүрээнд иргэдийн тоон бичиг үсгийн боловсролын түвшинг нэмэгдүүлэх, цаашдын алхмуудаа тодорхойлох зорилготой We Think Digital Summit” хэлэлцүүлгийг хамтран зохион байгууллаа.

 

We Think Digital-Бид Цахим Иргэд төсөл 2019 онд нээлтээ хийсэн тоон бичиг үсэг номын сангийн дараагийн хувилбар юм. Хөтөлбөр нь цахим аюулгүй байдал, хувийн нууцлал, эерэг харилцаа, шүүмжлэлт сэтгэлгээ болон худал мэдээллийг хэрхэн таних вэ? зэрэг сэдвийг багтаасан 8 модуль бүхий хичээлээс бүрдсэн бөгөөд төслийн хүрээнд хамтрагч байгууллагуудын тусламжтай 10 мянга гаруй иргэн, дунд сургуулийн мянга орчим багш нарт сургалт орж, 40 сургагч багшийг амжилттай бэлдсэн байна.

 

Энэ хүрээнд We Think Digital сургалт болж, “Монголд цахим боловсролын түвшинг дээшлүүлэх нь”, “Худал мэдээлэлтэй хамтдаа тэмцэх нь” сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.

 

БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр хэлэхдээ, “Цахим боловсрол бидний амьдралын хэв маяг болж байна. Зөвхөн танхимд суралцаад багшаар заалгадаг байсан тэр тогтолцоо өнөөдөр технологийн өөрчлөлт, хөгжил дэвшлийг дагаад боловсролын салбар бол цахим боловрсол, цахим тогтолцоо, технологийг оруулж ирэх зайлшгүй шаардлагатай гэдгийг өнгөрсөн хугацаанд цар тахлын үе харууллаа. Өнөөдөр Нью-Йоркт НҮБ-д цахим боловсролын шилжилтийн асуудлыг дэлхийн удирдагч нар ярьж байна. Энэ үед Мета компани бидэнтэй энэ асуудлаар хамтран ажиллаж байгаа нь чухал юм.

Цахим боловсрол, цахим технологийг дагаад сөрөг үр дагавар нь цахим дээрэлхэлт, гадуурхалт, цахим орчин дахь цензургүй, ёс зүйгүй мэдээлэл юм. Хүүхдүүд ямар ч цензургүйгээр мэдээлэл авч байгаа нь тэдний төлөвшилд сөрөг нөлөө үзүүлнэ. Тиймээс анхнаас нь зөв, зохистой, ёс зүйтэй, карчимтай, хариуцлагатай байлгах талд Мета компани ажиллаж байна. Цаашид цахим боловсролыг хууль эрх зүйн орчинд хүлээн зөвшөөрнө. Цахим дээр хүүхдэд боловсрол олгох тогтолцоо, аюулгүй байдал, ёс зүйтэй байх орчныг нь бүрдпүүлж өгөх нь бидний үүрэг” гэв.

 

Хэлэлцүүлгээр Монгол дахь цахим боловсролын өнөөгийн түвшин ямар байгаа, цахим боловсролыг хөгжүүлж буй бодит туршлага, худал мэдээллийн зорилго, хэн түгээдэг, эх үүсвэр юу болох, ямар асуудлууд тулгардаг, худал мэдээллийн тархалтыг багасгахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар оролцогчид мэдээлэл солилцож, цаашдын алхмаа тодорхойлсон юм.






Холбоотой мэдээ