ОХУ-ын эдийн засгийн онцгой бүсэд Монголын тээвэр-логистикийн газрыг нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-09-28 16:01:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Приморийн хязгаарын “Надеждинский” эдийн засгийн онцгой бүсэд Монголын тээвэр-логистикийн газар нээгдэх гэж буйг Монгол Улс дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгч М.Васильев МҮХАҮТ-ын удирдлагатай уулзах үеэр мэдэгдлээ. Тэрбээр, цаашид “Монголд үйлдвэрлэв” худалдааны төв байгуулах хэтийн төлөв харагдаж байна хэмээн онцолсон юм.


МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Монгол Улс дахь ОХУ-ын худалдааны төлөөлөгч М.Васильев, тус улсын Феско группийн харилцаа холбооны газрын дарга Н.Томилин нарыг хүлээн авч уулзаж, санал солилцлоо. Уулзалтын үеэр 100 гаруй жилийн түүхтэй, ОХУ-ын тэргүүлэх тээвэр-логистикийн группийн төлөөлөгчид үйл ажиллагаагаа танилцуулж, тээвэрлэлтийн цар хүрээгээ тэлж Монголын зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.


Мөн ОХУ-ын Москва хотноо болох Монгол Улс, ОХУ-ын Засгийн Газар хоорондын комиссын 23 дугаар хуралдааны протоколд хоёр улсын худалдаа эдийн засаг, бизнесийн харилцааг хөгжүүлэхэд МҮХАҮТ-ын оролцоо чухал болохыг онцлон тэмдэглэв.


Түүнчлэн энэ оны 10 дугаар сарын 20-22 нд Москва хотноо зохион байгуулагдах “Орост үйлдвэрлэв-2022” бизнес форумд МҮХАҮТ-ын удирдлагууд, монголын бизнес төлөөллийг оролцохыг урилаа.


Холбоотой мэдээ