ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын ээлжит 66 дугаар чуулган болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо болж буй Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын ээлжит 66 дугаар чуулганд Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга Г.Манлайжав тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцож байна.
Тус чуулганаар ОУАЭА-ийн үйл ажиллагааны тайлан, төсөв, цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, техникийн хамтын ажиллагаа, цөмийн шинжлэх ухаан, технологийг энхийг зорилгоор ашиглах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг 26 багц асуудлыг хэлэлцэж буй юм.
Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга Г.Манлайжав энэ сарын 27-ны чуулганы нэгдсэн хуралдаанд манай улсын байр суурийг танилцуулж үг хэлэв. Түүнчлэн манай төлөөлөгчид Цөмийн эрчим хүчний газар, Баталгааны газар, Техникийн хамтын ажиллагааны газрын төлөөлөлтэй уулзаж, ОУАЭА-тай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр зэрэг хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.
Тус чуулганы үеэр цөмийн болон цацрагийн хяналт, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, цөмийн технологийн салбарын мэргэжлийн сургалт, семинар, мөн хорт хавдартай тэмцэх тэмцэх хүрээнд “Итгэл найдварын туяа” сэдвийн дор шинжлэх ухааны форум болно.