Монголч эрдэмтэд “Монгол судлалын ордон”-той болохыг хүсч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-08-18 21:17:04

Улаанбаатар хотноо дөрвөн өдөр үргэлжилсэн Олон улсын монголч эрдэмтний 11 дүгээр Их хурал амжилттай өндөрлөж, үр дүнгээ нэгтгэн хэлэлцлээ.  

Энэ удаагийн Их хуралд дэлхийн 29 орны 30 гаруй их дээд сургуулийн эрдэмтэн багш, гадаад, дотоодын 1000 гаруй судлаач оролцлоо. Монгол судлалыг дэлхийн өнцөг булан бүрт хөгжүүлж, Монголын түүх соёл, хэл, утга зохиол, өнөөгийн амьдралыг дэлхий дахинд таниулахад онцгой үүрэг гүйцэтгэж байгаа энэ олон эрдэмтдийн 400 гаруй илтгэлийг дөрвөн хоногт хэлэлцэв. Их хурлыг ”Монгол судлал ба тогтвортой хөгжил” үндсэн сэдвийн дор “Монгол хэл бичиг судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиол судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монголын гадаад харилцаа судлал” гэсэн таван салбар хуралдаантай зохион байгуулсан юм.   

Хурлаас гарсан үр дүнгээ хэлэлцсэн хаалтын хуралдааныг өнөөдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулж, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, БСШУС-ын сайд Ж.Батсуурь нар үг хэллээ. 

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Тэртээ 1959 онд Улаанбаатар хотноо анх чуулсан Олон улсын монгол хэл, бичгийн эрдэмтдийн их хурал нь өнөөгийн Олон улсын монголч эрдэмтдийн их хурлын шавыг тавьсан төдийгүй дэлхийн монгол судлаачдыг нэгтгэсэн Олон улсын Монгол судлалын холбооны эхлэлийг тавьсан чухал үйл явдал байсан юм. Өнөөдөр анхдугаар их хурал цар хүрээгээ улам тэлж, Олон улсын монголч эрдэмтдийн их хурал болон өргөжсөөр эдүгээ арван нэг дэх удаагаа чуулж байна. Монгол судлалд ололттой олон зүйл бий, бас анхаарах асуудал ч цөөнгүй байна. Юуны өмнө түүхэн үнэнийг гуйвуулах, цаг зуурын үзэл сурталд автан үүх түүх бичиглэх гажуудлыг эрдэм судлалын энэ сайхан ертөнцөөс таягдан хаях ёстой. Монголын түүх судлалд цаг үе нөхцөл байдлаас үүдэн гарч байсан түүхэн үнэнийг гуйвуулах хандлагыг залруулж, бодитоор харах цаг нэгэнт болсон. Эдүгээ нэгэнт Монгол судлалыг хөгжүүлэх бодлоготой, дэмжих сантай, бодлогыг зангидах нэгжтэй болсон учир энэ салбарын хөгжлийг өөдрөгөөр харж байна. Ер нь монгол судлалын асуудал монгол төрийн үл тасалдах алтан аргамжийн бодлого байх ёстой” гэсэн юм. 

БСШУС-ын сайд Ж.Батсуурь Монголч эрдэмтний Их хуралд оролцсон нийт эрдэмтэн, судлаачдад баяр хүргээд төрөөс Монгол судлалын салбарыг бодлого, удирдлагаар дэмжсэнээр энэ салбарын үйл ажиллагааны хэрэгжилт үр дүн өргөжиж, цар хүрээ улам бүр нэмэгдсэнийг онцлов. Тухайлбал Канад, Итали, Турк зэрэг улс орнуудад Монгол судлалын төв нээх талаар ярилцаж, төвүүд хүчээ нэгтгэн ажиллаж эхэлсэн бөгөөд улам бүр идэвхжиж байна гэлээ. Мөн энэ салбарыг сонирхон суралцах оюутан, залуус нэмэгдэж, Монгол судлаачдын зуны сургуульд дэлхийн олон орноос оролцдог болж байна. Зуны сургалтад энэ жил 12 орны 32 залуу монгол судлаач оролцжээ. Монгол судлалын чанарыг сайжруулах зорилгоор “Монгол судлалын шилдэг өв” цувралыг эхлүүлж, эхний дугаарт академич Б.Ринчений эрдэм шинжилгээний бүрэн ботийг хэвлүүлсэн. Мөн “Монгол сурвалж бичгийн өв” цувралыг Юань улсын судрын эхний 210 дэвтрийг 18 боть болгон хэвлүүлснээр эхлүүлсэн байна. Монгол судлалд хэл, соёл, түүх, угсаатан судлалаас гадна нийгэм эдийн засаг, улс төр, эрх зүй зэрэг орчин үеийн салбарыг хамруулах болсноор хүрээ улам бүр тэлж байна. Орчин үеийн салбар өргөжих тусам нийгэм эдийн засгийн бодлогод нөлөөлөхүйц, санаа сэдэл авахуйц үр дүн гарах боломж бүрэн байгааг Ж.Батсуурь сайд онцлон хэллээ.

Хаалтын ажиллагааг Олон улсын Монгол судлалын холбооны дэд ерөнхийлөгч С.Төмөр-Очир удирдан явуулж, таван салбар хуралдааны даргалагч нар тус бүрийн хурлаар хөндөгдсөн асуудал, онцлох илтгэл, гарсан санал хүсэлтийг танилцуулав. 

1. “Монгол хэл бичиг судлал” сэдэвт нэгдүгээр салбар хуралдааны дүгнэлтийг хурлын дарга доктор М.Баярсайхан танилцууллаа. МУИС-ийн Эрдмийн танхимд өрнөсөн тус салбар хуралдаанд 18 орны 81 эрдэмтэн илтгэл тавихаар бүртгүүлснээс 79 илтгэл хэлэлцсэн байна. Хуралдаан “Монголын нууц товчооны судлал”, “Монгол хэлний түүхэн ба харьцуулсан хэлшинжлэл”, “Монголчуудын үсэг бичиг, сурвалж судлал”, “Монголчуудын үсэг бичиг, сурвалж судлал”, “Монгол хэлний үгийн сан судлал, үгийн гарал судлал”, “Монгол хэлний хэлзүй”, “Монгол хэлний толь зүй, орчуулга судлал”, “Монгол хэлний авиа зүй, нутгийн аялгуу судлал”, “Хэл соёл, нийгэм” гэсэн найман дэд сэдвийн хүрээнд өрнөжээ. Олон улсын эрдэмтэд өнөө хүртэл эрдэмтдийн хүртээл болж чадаагүй байсан баримт материалыг судалгааны хэлбэрт оруулж, мэдээ мэдээлэл, санал бодлоо солилцож, харилцан суралцсан эрдэм номын нөхөрсөг уур амьсгалд тус хуралдаан болж өндөрлөсөн байна. Монгол хэл бичгийн салбарын шинэ шатан дахь олон шинэ мэдээ мэдээлэл, судалгааны үр дүнг тус хурлаар хэлэлцсэнийг онцлон тэмдэглэж байв. Салбарын хаалтын хуралдаанаас хэд хэдэн санал гарсаны дунд “Монгол судлалын ордон”-той болох тухай санал олны талархлыг хүлээжээ. Ордонтой болсноор Монгол судлалын олон арга хэмжээг зохион байгуулах, Их хурлын салбар хуралдаануудыг олон газар биш нэг дор өрнүүлэх, эрдэмтэн харилцан санал солилцох бололцоог бүрдүүлэх зэрэг олон ач холбогдолтой гэж үзжээ. 

2. “Монголын түүх судлал” сэдэвт Хоёрдугаар салбар хуралдааны дүгнэлтийг хурлын дарга доктор С.Чулуун танилцуулав. МУИС-ийн I байранд өрнөсөн тус салбар хуралдаанаар “Монголын археологийн судалгаа ба монголчуудын угсаа гарал”, “Монголчууд ба дотоод Азийн ертөнц”, “Монгол угсаатны судалгаа угсаатны бүрэлдэхүүн”, “Монголын эзэнт гүрэн түүний дэлхийд гүйцэтгэсэн үүрэг”, “Монголын шинэ түүхийн судалгаа, баримт, түүх, бичлэг, сурвалж судалгааны өнөөгийн байдал чиг хандлага”, “Монголын хэвлэлийн түүх, “Монголчуудын газрын нэр, газрын зургийн судалгаа” гэсэн найман сэдвийн хүрээнд 16 орны 89 эрдэмтэн илтгэл тавихаар мэдүүлснээс 75 илтгэлийг хэлэлцсэн байна. Түүх, археологи, угсаатан, сурвалж судалгааны чиглэлээр дотоод, гадаадын тэргүүлэх эрдэмтэд судалгааны сүүлийн үеийн шинэ үр дүнгээ хэлэлцүүлж, Монголын түүхийн судалгааны түвшинг нэгэн шатаар ахиулсныг хуралдаан даргалагч нь онцолж байв. Монголын түүх судлалд археологийн судалгаа бие даасан панел болж орсон нь Монгол судлалд энэ салбар орж ирж буйг илтгэн харуулжээ. Хурлаас Түүхэнд үзэл суртал тусч болохгүй, илтгэлд тавих шинжлэх ухааны шалгуурыг өндөрсгөж, цензур тогтоох, мэдээлэл солилцох сайт, суваг бий болгох, санал гарчээ. 

3. “Соёл, утга зохиол судлал” сэдэвт Гуравдугаар салбар хуралдааны дүгнэлтийг хурлын дарга доктор С.Дулам танилцуулав.  Тус салбар хуралдаанд “Аман зохиол, сонгодог уран зохиол судлал”, “Уран зохиол судлал”, “Соёл судлал”, “Урлаг судлал”, “Шашин судлал” гэсэн дэд сэдвээр нийт 90 орчим илтгэл ирүүлснээс 84 илтгэлийг хэлэлцжээ. Аман зохиол судлалын чиглэлээр эртний домоглолын мотивууд, Түрэг Монгол домог зүйн харьцуулал, Монгол баатарлаг туулийг судлах арга зүй, Жүжиг наадмын уран зохиолын үүсэл, Монгол угсаатны түүх домог, өгүүлэмжүүдийн харилцаа холбоо, Монгол үлгэрийн сан бүрдүүлэх шинжлэх ухааны ангиллын асуудал зэрэг өргөн цар хүрээтэй асуудлуудыг хөндсөн байна. Нэн ялангуяа харьцуулсан аман зохиол судлалын талаар шинэ сонин санаа олноор дэвшүүлжээ. Уран зохиол судлалын хувьд судалгааны хүрээнд ороогүй байсан ном судрын тухай, Монголын нууц тохиолын бичвэр судлал, Соёлын судлалд соёлын өөрчлөлт зэрэг Монгол соёл урлаг, утга зохиолын хүрээнд урьд өмнө судалгааны хүрээнд ороогүй байсан олон эх сурвалж, соёлын өвийн дурсгалууд, хээрийн судалгааны материалууд шинээр нээгдэж судлаач эрдэмтдийн хүртээл болжээ.  

4. “Монголын гадаад харилцаа судлал” сэдэвт Дөрөвдүгээр салбар хуралдааны дүгнэлтийг Ж.Баясах танилцууллаа. Тус салбар хуралдаанд 10 орны 86 эрдэмтэн илтгэл тавьж хэлэлцүүлсэн дотор Монголчууд 400 жил дэлхийг захирч байх үе, Мамлюкийн улс Ил хаадын улсад бичсэн захидал, Монгол, Орос, Чин улсын харилцаа, Марко Пологийн эх бичгийн судалгаа, Монголын гадаад бодлого эзэнт улсын үед, 20-р зуунд, одоо ямар болж өөрчлөгдөж ирсэн, Монгол Улсын төвийн сахих бодлого, Соёл иргэншил ба гадаад бодлого, Олон улсын харилцаа ба бүс нутгийн аюулгүй байдал, Торгоны зам зэрэг сонирхолтой сэдвүүдийг хөнджээ. Монголын гадаад бодлогыг олон талаас хэлэлцэхийн зэрэгцээ шүүмжлэх зүйлс ч гарсан байна. Мөн энэ салбар хуралдааны хүрээнд Н.К.Рерихийн Төв Ази ба Монголд явуулсан судалгааны 90 жилийн ойд зориулсан тусгай салбар хуралдаан болсон юм. 

5. “Монголын нийгэм, эдийн засгийн судлал” сэдэвт Тавдугаар салбар хуралдааны дүгнэлтийг доктор Б.Түвшинтөгс танилцуулсан юм. Тус салбар хуралдаанд 11 орны 54 эрдэмтэн “Монголын эдийн засгийн төлөв байдал, хандлага, сорилт”, “Монголын улс төр, эрх зүй”, “Монголын нийгэм: өөрчлөлт, хандлага”, “Монголчуудын шашин, философийн үзэл санаа” гэсэн 4 сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын хандлага, тулгамдсан асуудал, авах арга хэмжээний талаар сүүлийн 5 жилд хийсэн судалгааны ажил, санал бодлоо эрдэмтэд солилцсон байна. Илтгэлүүд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн боломжууд, эдийн засаг дахь төрийн зохицуулалт эрх зүйн орчин, Монголын өрх гэрийн төсөвт 100 жилийн дотор гарсан өөрчлөлт, монголчуудын сэтгэлгээ, ёс суртахуун, шашин шүтлэг, үнэлэмжийн өөрчлөлт, Монголын ардчилал, иргэний нийгмийн төлөвшил зэрэг өргөн хүрээг хамарсан байна. 

Салбар хуралдаан бүрээс гарсан нийтлэг санал нь дээр дурдсанчлан "Монгол судлалын ордон"-той болохтой холбогдож байв. Өөрөөр хэлбэл нэгдсэн ордонгүйгээс салбар хуралдаануудыг олон талд тараан зохион байгуулж, үүнээс улбаалан эрдэмтэд бусад салбар хуралдаанд оролцох, харилцан санал солилцох боломж хязгаарлагдаж байсныг шүүмжилж байсан юм. Мөн мэдээ мэдээлэл солилцдог, нийтэлдэг нэгдсэн цахим сайтыг идэвхтэй ажиллуулах, залуу судлаачдын бүтээлтэй танилцах зэрэг саналууд нийтлэг гарсан байв. Ингээд таван салбар хуралдааны үр дүнг танилцуулсны дараа Олон улсын Монгол судлалын холбооны удирдах бүрэлдэхүүнийг шинээр сонголоо. Тус холбооны ерөнхийлөгчөөр Унгарын эрдэмтэн Бирталан Агнес, Ерөнхий нарийн бичгийн даргаар доктор С.Чулуун нарыг сонгосон байна. 

Ийнхүү Улаанбаатар хотноо Олон улсын монголч эрдэмтний 11 дүгээр Их хурал шинэлэг санал санаачилга, сонирхолтой сэдэв, судалгаа, үзэл санаа дэвшүүлсэн бүтээлч уур амьсгал дунд өрнөж, амжилт дүүрэн өндөрлөлөө. Хуралдааны төгсгөлд Олон улсын монголч эрдэмтний 12 дүгээр Их хурлаараа дахин амжилт дүүрэн уулзах ерөөлийг эрдэмтэн, судлаачид дэвшүүлсэн юм. 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ