СҮХБААТАР: 70 гаруй иргэн алимны мод тарихаар худалдан авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний
хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн
БОАЖГ-аас айл өрхийг жимс жимсгэний мод тарьж ургуулахад дэмжлэг
үзүүлж, орон нутгийн хөрсөнд дасан зохицох, ургах чадвартай алимны модыг хямд үнээр
нийлүүлжээ. Мөн тарилтыг хэрхэн зөв, үр дүнтэй болгох
талаар мэргэжилтэн урьж авчран зөвлөгөө мэдээлэл өгүүлжээ.
Алим ургуулах сонирхолтой 70 гаруй иргэн 220 ширхэг модыг худалдан авчээ. Эдгээр иргэдэд Ховд аймгийн Булган суманд жимсний аж ахуй эрхлэгч Т.Батболд алимны мод тарьж ургуулах, түүний экологи, эдийн засгийн ач холбогдлын талаар газар дээр онол, дадлага хослуулсан сургалтыг өгчээ.
Тэрбээр
хэлэхдээ, Сүхбаатар нутгийн хөрс бор шороолог, доотоо шаварлаг учир алимны мод
ургах боломжтой. Харин хөрсөө маш сайн бордож өгөх хэрэгтэй. Дээрээс нь
усалгааныхаа асуудлыг маш сайн шийдээд өгвөл алим, чавга ургана гэж дүгнэлээ. Уур
амьсгалын тухайд хангайн бүсээс дулаан учир эрсдэлгүй, гагцхүү алимны мод нарын
тусгал шууд тусах ил газар бөгөөд салхины нөмөр хаалттай байх ёстой. Орон нутгийн
хөрсөнд улиас, хайлаас сайн ургадаг учир эдгээр модоороо салхины хаалт хийх
байдлаар тарьж болно. Ингээд тандалт, тайралтаа сайн хийж чадвал хоёроос гурван
жилийн хугацаанд жимсээ өгнө. Энэ хугацаанд жимсэндээ бус модонд гол ач
холбогдлоо өгч, модны тогоог маш сайн арчилж, услах, хөрсийг сийрэг байлгах,
хогийн ургамлыг нь түүх зэрэгт анхаарах шаардлагатай. Ингэж чадвал цаашлаад жилээс
жилд өгөх жимсний хэмжээ нэмэгдээд ирдэг. Зөв арчилж чадвал алимны мод насжилт
өндөр байдаг гэв.