БНСУ өдөөн хатгалгаа зогсоож, эдийн засгийн тусламж үзүүлэх саналд хариу өгөхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-10-11 15:37:16

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Засгийн газар хурцадмал байдлыг даамжруулсан үйлдлээ нэн даруй зогсоохыг БНАСАУ-д өнөө өглөө уриалжээ. Пёньян “тактикийн цөмийн зэвсгийн” сургуулилалт явуулж, цөмийн хүчнээ бэхжүүлнэ гэдгээ зарласнаас нэг хоногийн дараа ийнхүү мэдэгдсэн байна. 


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНСУ, АНУ-ын саяхан явуулсан хамтарсан цэргийн сургуулийн хариуд “дайны аюулыг тогтоон барих, цөмийн сөрөг довтолгооны чадавх”-аа үнэлэх зорилгоор “тактикийн цөмийн зэвсгийн ажиллагаа хариуцсан ангиудын сургуулилалтыг шалгасан талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ даваа гарагт мэдээлжээ.


“Засгийн газар өдөөн хатгасан үйлдлээ нэн даруй зогсоож, бидний “зоримог санаачилга бүхий санал”-д хариу өгөхийг БНАСАУ-д дахин уриалж байна” гэж Үндэстнээ нэгтгэх яамны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлжээ. Урьд нь БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл БНАСАУ-ын цөмийн зэвсгээс ангижрах алхмын хариуд эдийн засгийн тусламж үзүүлэх санал тавьсан юм.


Үндэстнээ нэгтгэх яамны төлөөлөгч хэлсэн үгэндээ, БНАСАУ цөмийн зэвсгийн тухай шинэ хуулийг саяхан баталсныхаа дараа Сөүлийг онилсон цөмийн сургуулилалт явуулж байгааг БНСУ-ын Засгийн газар “маш ноцтой” гэж үзэж байгааг цохон тэмдэглээд, БНАСАУ-ын “хууль бус” цэргийн өдөөн хатгалгыг ямар ч байдлаар зөвтгөх аргагүй гэдгийг онцолжээ.


“Засгийн газар БНАСАУ-ыг нягт ажигласан хэвээр байгаа бөгөөд богино болон дунд зайн тусгалт баллистик пуужинг удаа дараалан харваж байгаа нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчөөд зогсохгүй Солонгосын хойгийн хурцадмал байдлыг даамжруулж байгаа тул эрс зэмлэн буруушааж, өдөөн хатгасан үйлдлээ нэн даруй зогсоохыг уриалж байна” гэж тэрбээр хэлсэн байна.


БНАСАУ сүүлийн хэдэн долоо хоногт удаа дараа пуужин харваснаар хойгийн хурцадмал байдлыг улам даамжруулаад байгаа бөгөөд өнгөрсөн мягмар гарагт Японы дээгүүр дунд зайн тусгалт баллистик пуужин харвасан юм.

Холбоотой мэдээ