ХОВД: Манхан суманд ойролцоогоор 1 малд 1.08 га бэлчээр оногдож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-20 12:41:31

Ховд /МОНЦАМЭ/.  Манхан сумын Засаг дарга Т.Лхагвасүрэнтэй уулзаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил тус суманд хэрхэн өрнөж байгаа талаар ярилцлаа.

-Байгаль, цаг уурын эрс тэс өөрчлөлтэй холбоотойгоор ирэх өвөл, хаврыг өнтэй даван туулахыг уриалсан аян Ховд аймаг даяар өрнөж эхэллээ. Манхан сумынхан өвөл, хаврын бэлтгэлээ хэрхэн хангаж байна вэ?

-Өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангасан малчин өвлийн хахир, хаврын хатууг тэвдэлгүй давдаг өнө эртний уламжлал бий. Саяхан сумын малчдын зөвлөгөөн хийлээ.  Манхан сумын тухайд Зэрэг гол баг бэлчээр хүрэлцээгүй, бусад дөрвөн багт боломжийн, хадлангийн бүс нутагтай. Зэрэг, Баянгол багийн малчид нуурын аралд хадлан сайн хийж байна.
Малчид доод тал нь 2 машин, дээд тал нь 10 машин өвс бэлтгээд байна. Нуурын шагшуурга сайн гарсан нуур тойрсон малчид гайгүй өвөлжинө. Манай суманд малчдын хувийн бэлтгэл болох дулаан хувцас, хүнсний хангамж, ус, түлш, мал мах хэрхэн бэлтгэж байгаад багийн дарга нар судалгаа хийж байна. Малчид өөрсдөө эрүүл, хувийн бэлтгэл сайн байвал мал сүргээ эрсдэлээс аварна.  


-Тус сумын мал аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?
-Манхан сум 2021 оны жилийн эцэст 288.832 толгой мал тоолуулсан. Өнгөрсөн онтой харьцуулахад нийт мал сүргийн тоо 41.000 толгойгоор өссөн дүнтэй байна.

Өнгөрсөн өвөл, хавар өнтэй сайхан болж, малчид 562 ботго, 2329 унага, 2980 тугал, 38503 хурга, 66522 толгой ишиг тус тус бойжуулсан буюу нийт 110.896 төл хүлээн авсан дүн мэдээтэй байна.


Үүнээс харахад  тус сумын 433.0 га газар нутаг дээр 399.000 толгой мал бэлчээрлэж, ойролцоогоор 1 малд 1.08 га бэлчээр оногдож байна. Энэ нь бэлчээрийн даац  3-4 дахин хэтэрсэн гэдгийг харуулж байгаа үзүүлэлт гэж судлаачид тодорхойлсон байдаг. 


Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан орон нутгийн иргэдэд мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн төлөв, тулгамдсан асуудал, бодлого, чиглэлийг  танилцуулж, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн  санал бодлыг сонсож ажиллалаа.

-Бэлчээрийн даац хэтрэлт, доройтол Ховд аймгийн ихэнх суманд тулгамдсан асуудал болоод байна. Танай сумын хувьд энэ асуудалд ямар гарц эрэлхийлж байна вэ?

-Мал аж ахуйн үйлдвэрлэлд тулгамдаж буй хамгийн гол асуудал бэлчээрийн даац олон дахин хэтэрч талхлагдан доройтож, нөхөн сэргэх боломж багасаж байгаа явдал юм. Манай сум бэлчээрийн ашиглалт, нөхөн сэргээлтийг сайжруулахад анхаарч олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Улмаар
малчдад хууль эрх зүй, мэдээлэл сурталчилгаа, арга зүйн дэмжлэг үзүүлэн Байгалийн нөөцийн хамтын менежментийн 3 нөхөрлөл, Бэлчээр ашиглалтын 3 бүлэг тус тус байгуулаад байна. Бэлчээр ашиглалтыг сайжруулах, нөхөн сэргээлтийг нэмэгдүүлэх зорилгоор хаваржааны газрыг оролцуулан голын бүсэд 2 га, уулын бүсэд 3 га газрыг торлож ашиглах боломж олгож байгаа.

-Малын халдварт өвчнөөс сэргийлэх,  эрүүл мал, эрүүл хүнстэй байх асуудал чухал. Энэ талаар ямар бодлого, чиглэл баримталж байна вэ?  

-Малын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах үүднээс мал эмнэлгийн нэгж, малчин хоёрын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал гэж боддог. Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тарилга, туулгалт, угаалга, вакцинжуулалтын ажлын чанар,  стандартыг дээшлүүлэх, малчин, малын эмчийн уялдаа холбоо, харилцан хариуцлагатай байх, хяналтын үр нөлөөг сайжруулах нь эрүүл хүнсээр хангагдах баталгаа гэж харж байна.

Иймд баг бүрийн мал угаалгын ванныг чанар стандартад нийцүүлэн ээлж дараатай шинэчлэх ажлыг эхэллээ. Энэ жил Зэрэг гол багийн мал угаалгын ванныг орон нутгийн хөгжлийн сангийн 15 сая төгрөгийн санхүүжилтээр шинээр барихаар шийдвэрлэсэн. Нөгөө талаар малын үржил, бүртгэл мэдээллийн тогтолцоог сайжруулах, ээмэгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх, гарал үүслийг тодорхой болгох ажлыг системтэй зохион байгуулах шаардлага байна. Хөдөө орон нутагт малын эмч, мэргэжилтэн дутагдалтай байгаа нь анхаарах асуудал болж байна.

-Малын үүлдэр угсааг сайжруулах, малчид фермер байгуулах талаар олон жил яригдаж байгаа. Энэ чиглэлд хэр анхаарч байна вэ?

-Малын үүлдэр угсааг сайжруулах, өндөр ашиг шимт малыг үржүүлэх, суурин болон хагас суурин мал аж ахуйг хөгжүүлэх бодлогыг баримтлан шинээр бий болж байгаа фермерүүдийн үйл ажиллагааг дэмжих, сүү сүүн бүтээгдэхүүний борлуулалтыг орон нутгийн байгууллагуудад нийлүүлэх бодлого барьж байна.

Малын тэжээлийн ургамал болох царгасын тариалалт бүхий 146 га Улаан хүрээний услалтын системын талбайг иргэдэд эзэмшүүлсэн. Ингэснээр ашиглалт,  хамгаалалт сайжирч жил бүр ургацын хэмжээ нэмэгдэж байна. Энэ жил орон нутгийн хөгжлийн сангаас 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ботгон багийн царгасын талбайг 5 га-аар нэмэгдүүлээд байна. Цаашид тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэх бодлого хэрэгжүүлэх юм.

-Тус сумын мал аж ахуйн салбарын цаашдын зорилт юу вэ?

-Бэлчээрийн даацад тохирсон цөөн тооны өндөр ашиг шимт малыг үржүүлэх, малын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мах бэлтгэн нийлүүлэлтэд малчдын шууд оролцоог хангах, малын үүлдэр угсааг сайжруулахад анхаарч, хээлтүүлэгч худалдан авах, нийлүүлэх ажлыг зохион байгуулна.

Малын тэжээлийн ургамал тариалалтыг нэмэгдүүлэх, хадлан бэлтгэх техник тоног төхөөрөмж, аюулгүйн нөөц бүрдүүлэх эх үүсвэрийг сайжруулах зэрэг
олон зорилт бий. Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхэд малчид, иргэд, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлон хэлье.

-Ярилцсанд баярлалаа.   

 

 

Холбоотой мэдээ