ДЦУБ: Өнгөрсөн онд хүлэмжийн хийн агууламж дээд үзүүлэлтэд хүрлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-10-28 12:14:48

ЖЕНЕВ. /NHK/. Өнгөрсөн онд хүлэмжийн гурван гол хийн агууламж дээд үзүүлэлтэд хүрсэн талаар НҮБ-ын цаг уурын агентлаг мэдээллээ.


Дэлхийн цаг уурын байгууллага /ДЦУБ/ дэлхий даяарх цаг уурын агентлаг, судалгааны байгууллагуудын ажиглалтын мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн тайлангаа лхагва гарагт танилцуулжээ.


ДЦУБ-ын жил тутмын тайланд дурдсанаар, 2021 онд нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж 415.7 ppm, метан хийн агууламж 1908 ppm, азотын ислийн агууламж 334.5 ppm-д хүрсэн байна.


Ингэснээр бүгд өмнөх жилд бүртгэгдсэн дээд үзүүлэлтийг шинэчилж, дэлхий даяарх ажиглалт судалгааг хийж эхэлсэн 1984 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ.  


Түлшний шаталтаас үүсэх нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал 2019-2020 онд 5.4 хувиар буурсан боловч хөл хорионы дэглэм цуцлагдсаны дараа 2020-2021 онд 4.9 хувиар эргэн өссөн байна.


Мөн өнгөрсөн оны метан хийн агууламжийн өсөлт нь энэ талаарх мэдээллийг цуглуулж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсныг тайланд дурджээ.


Хүлэмжийн хийн агууламж өссөн шалтгааныг эрдэмтэд судалж байгаа ч халуун орнуудад хур тунадас нэмэгдэхэд нөлөөлсөн Ла Нина үзэгдэлтэй холбоотой байж магадгүй гэж таамаглаж байна.


Эдгээр мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд оролцсон Японы Цаг уурын агентлаг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах дэлхий нийтийн хүчин чармайлт хангалтгүй байна гэж үзжээ.


Цаг агаарын хэвийн бус үзэгдлээс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд улс орнууд шаардлагатай арга хэмжээг хурдан авах шаардлагатай гэж тус агентлаг мэдэлсэн байна. 

Холбоотой мэдээ